Монгол-Японы сургалтын эмнэлгийн ажилтай Нийслэлийн Засаг дарга танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-20 16:21:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан АШУҮИС-ийн  Монгол-Японы сургалтын эмнэлэгт өнөөдөр ажиллалаа.


Тус эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Ц.Эрхэмбилэг, “Манай эмнэлэг 104 ортой, дэвшилтэт технологи, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх төдийгүй яаралтай тусламж үйлчилгээ, Монголд эмчлэх боломжгүйд тооцогддог 26 өвчнийг эмчлэх /зүрх, судасны өвчин эмгэг, тархины өвчин эмгэг, хавдар зэрэг/ боломжтой. Мөн MRI, соронзон томографи, ангиографи гэсэн шинэ дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлээд зогсохгүй “өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ”, “эмнэлгийн тусламж үйлчилгээг багаар үзүүлэх” зэрэг Япон эмнэлгийн менежментийг хэрэгжүүлж ажиллаж байна. Шинэ коронавирусний тархалттай холбоотой эмнэлгийн хүчин чадлын хүрээнд шаардлагатай тохиолдолд ашиглах тусгаарлах өрөө гаргасан” гэж танилцууллаа.

Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан “Коронавирусний халдварт цар тахалтай энэ үед шаардлагатай тохиолдолд иргэдийг хүлээн авч эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх тусгаарлах өрөө гаргаж ажиллаж байгаа нь зүйтэй” гэдгийг онцолсон юм.

Эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэхийн тулд шат дараатай ашиглалтад оруулжээ. Өнгөрсөн зун амбулаторийн дотрын тасгуудыг ашиглалтад оруулан эмнэлзүйн үйлчилгээг эхлүүлсэн бол мэс заслын болон хэвтэн эмчлүүлэх тасгийг дараагийн шатанд нээжээ. Түүнчлэн яаралтай тусламжийн тасгийн үйлчилгээг гурав дахь шатанд ашиглалтад оруулсан байна. Ингэснээр Япон менежментийн сайн чанартай, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг Баянзүрх дүүргийн 60 мянган иргэнээс гадна эмнэлгийг зорин очсон иргэдэд цаг алдалгүй хүргэж байгаа аж.

Мөн энэ үеэр эмнэлгийн удирдлагууд зарим шинжилгээ, оношилгоог хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, урвалж бодис авахад шаардагдах хөрөнгө мөнгийг шийдэж өгөхийг хүслээ. АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, “Үндсэн шаардлагатай тоног төхөөрөмж бүгд байгаа боловч зарим нэг дагалдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл дутуугаас болоод шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж чадахгүйд хүрч байна. Тиймээс эдгээрийг авахад шаардагдах хөрөнгө мөнгийг шийдэж өгөхийг хүсэж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Амарсайхан тус эмнэлгийг бүрэн хүчин чадлаар нь ажиллахад бүх талаар дэмжин, нийслэлээс шаардлагатай арга хэмжээ авахаа илэрхийллээ.



 

Холбоотой мэдээ