Коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 200 мянга давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-04-26 10:00:20

МОСКВА. /TASS/. Коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо дэлхий даяар 200 мянга давж, коронавирусийн халдвар авсан хүний тоо 2.9 саяд ойртлоо.


Хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхий даяар халдвар авсан хүний тоо 2 сая 845 болсон бол тэдний 7.05 хувь нь буюу 200500 нь нас баржээ. Коронавирусний улмаас нас барсан хүний тоо дөрөвдүгээр сарын 10-нд 100 мянгыг давсан бөгөөд энэ үзүүлэлт хоёр долоо хоногийн орчмын дотор хоёр дахин нэмэгджээ. Харин халдвар авсан хүмүүсийн дөрөвний нэг орчим нь эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 737400 болсон байна.


Нас барсан хамгийн олон тохиолдол АНУ-д бүртгэгдсэн бөгөөд дэлхийн улс орнуудад илэрсэн бүх тохиолдлын гуравны нэгийг эзэлж байна. Тус улсад халдвар авсан хүмүүсийн 5.67 хувь нь буюу 52100 хүн нас баржээ. АНУ-ын дараа 26384 хүн буюу өвчлөгчдийн 13.51 хувь нь нас барсан Итали улс орж байгаа бол гуравдугаарт Испани бичигдэж байна. Тус улсад халдвар авсан хүмүүсийн 10.24 хувь нь буюу 22902 хүн нас баржээ.


ОХУ-д 74588 хүн халдвар авч, 6250 хүн эдгэрсэн бол 681 хүн нас барсан байна.  


Коронавирусний халдвар 2019 оны сүүлчээр БНХАУ-д бүртгэгдсэн бөгөөд дэлхийн ихэнх орнуудад тархсан билээ. Халдвар цар тахлын хэмжээнд хүрснийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гуравдугаар сарын 11-нд хүлээн зөвшөөрсөн юм.


Холбоотой мэдээ