БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 50 ортой хүүхдийн эмнэлэг барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-30 17:53:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд барих 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. 


Тус эмнэлгийг энэ оны 9 дүгээр сарын 1 гэхэд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр амбулаторийн нарийн мэргэжлийн үзлэг, яаралтай тусламж, хэвтэн эмчлүүлэх, эрчимт эмчилгээ, товлолын дархлаажуулалт, хүүхдийн эрүүл мэндийн боловсрол зэрэг тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх юм. Мөн хотын зүүн захын дүүргүүдэд амьдардаг 150 мянга гаруй хүүхдэд тусламж үзүүлдэг эмнэлгүүдийн ачаалал 20 хувиар буурах аж.  


Шав тавих ёслолын үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, "Улаанбаатар хотын эмнэлгүүдэд 933 хүүхдийн ор бий. Ханиад томууны улирлын үед 1500 ор шаардлагатай болдог. Энэ үед Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, дүүргийн эмнэлгийн том хүний орыг хүүхдийн ор руу шилжүүлэх зэргээр сүүлийн гурван жилд хүүхдүүдээ коридорт хэвтүүлээгүй.  Бид 1000 орны асуудлыг шийдвэрлэхийг зорьж байгаа. Шат дараатай хэрэгжүүлэх энэхүү ажилд БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сан тусалж байгаад талархаж байна. Хагас жилд багтаан Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой жишиг эмнэлэг ашиглалтад орно. Мөн Хан-Уул, Чингэлтэй дүүрэг 200 ортой жишиг эмнэлэг ашиглалтад оруулах юм. Ингэснээр иргэд гуравдугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээг дүүргээсээ авах боломжтой болно" хэмээв.


БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй хоёр талын төр засгийн харилцаа өндөр түвшинд хүрснийг онцлон тэмдэглээд "Төрийн бус байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. Үүний нэг жишээ нь өнөөдөр шаваа тавьж буй төсөл юм. Цаашид ийм төслийг олноор хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно" гэв.

“Хангарьд хөгжлийн төв” ТББ, БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сантай хамтран дөрвөн эмнэлэг ашиглалтад оруулжээ. Дээрх эмнэлэг нь эдгээр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд барьж буй тав дахь эмнэлэг болж байна.

Энэ хүрээнд хүүхдийн эмнэлэг барихаас гадна нэн шаардлагатай тоног төхөөрөмжөар хангах, эмч мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах цогц арга хэмжээг зохион байгуулдаг аж. 


Холбоотой мэдээ