Хан-Уул дүүргийн 3 ихрүүдийн хамгийн ахмад нь 90 настай

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-05-06 12:07:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн Хан-Уул дүүрэгт гурван ихэр хүүхэд төрсөн дөрвөн тохиолдол байдгаас Монголын хамгийн өндөр настан 3 ихэр буюу Д.Дэнсмаа, Д.Гүнсмаа, Д.Цэрмаа нар өдгөө 90 настай Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд энх тунх амьдарч байна.



Тус дүүргийн 15 дугаар хороонд 2011 оны 11 дүгээр сард Э.Эрдэнэбаатар, Б.Болортуяа нарын гэр бүлд Э.Манлай, Э.Магнай, Э.Марал нар, 19 дүгээр хороонд 2018 оны 7 дугаар сард Д.Ариунбилэг, Д.Ундралбилэг, Д.Өрнөхбилэг нар  төржээ.



Үүний дараа дүүргийн хүндэт иргэд ихрүүдийн үргэлжлэл болж хамгийн бяцхан 3 ихэр 2020 оны 4 дүгээр сарын 03-нд дүүргийн 1 дүгээр хорооны иргэн М.Нанзаддорж, О.Сэлэнгэ нарын гэр бүлд аз жаргал, баяр хөөр авч ирээд удаагүй байгаа аж.


Аав, ээж, ахан дүүсдээ аз жаргал бэлэглэсэн Н.Энэрлэн, Н.Мөнхлөн, Н.Энхлэн нарт мягмар гарагт Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Монгол Улсын төрсний гэрчилгээ, гарын бэлэг гардуулжээ.


Ташрамд дуулгахад, Хан-Уул дүүргийн иргэдийг Монголын Аж үйлдвэрийн тулгын чулууг тавьсан түүхэн гавьяагаар нь онцолдог. Өдгөө 56.418 өрхтэй 195.539 мянган хүн амтай Хан-Уул дүүрэгт 2019 онд 5113 хүүхэд мэндэлж, 1110 иргэн гэрлэлтээ батлуулсан байна.

Холбоотой мэдээ