Тариалж хураасан нийт жимсний 92.3 хувь нь чацаргана

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-05-08 16:40:17

ХААХҮЯ  “2019 онд 519 аж ахуйн нэгж, 5289 иргэн 6528.2 га талбайд жимс, жимсгэнэ тариалж 2604.1 тонн жимс хураан авсан. Энэ нь 2016 оноос тариалсан талбай 456 га талбайгаар, хураан авсан ургац 45 тонноор нэмэгдсэн” гэж мэдээлсэн байна. Аймаг, орон нутгаас 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулж 410 ажлын байр шинээр бий болгожээ. Түүнээс гадна 38.5 га байгалийн жимс, жимсгэний талбайг нөхөн сэргээж, 7 төрлийн жимсний 515.3 мянган ширхэг суулгацыг дотооддоо үйлдвэрлэжээ. Харин нийт тарьсан талбайн жимсний 6.02 мянган га буюу 92.3 хувь нь чацаргана эзэлж байна. Бусад яст, үрт зэрэг том жимсний эзлэх хувь өчүүхэн байгаа нь манай улсын эрс тэс, хүйтэн, хуурай  цаг уурын онцлогтой холбоотой аж. Чацарганаас гадна 0.3 мянган га-д үхрийн нүд, алим, чавга, бөөрөлзгөнө тариалсан байна. Тарьсан хэмжээ бага тул хураан авсан ургац ч бага байна. Үүнийг Үндэсний статисткийн хороо (ҮСХ)-ны мэдээнээс харж болно. 


Жимсний аж ахуйн хувьд хүрсэн түвшингээ хадгалах эзлэх хувийг өсгөх нь энэ салбарынханы тулгамдсан асуудал болжээ. Жимсний үйлдвэрлэлийг онцлон ач холбогдол өгч “чацаргана, бусад жимс, жимсгэнэ,” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд 2019 онд чамлахааргүй ажил хийсэн бөгөөд түүний нэг нь хүлэмж (хамгалалтай тариалан)-ийн аж ахуй эрхлэгчдийн өвлийн  эрчим хүчний үнийг 100 хувь хөнгөлөхөөр шийдсэн явдал юм. Ийм шийдэлд хүрэхийн тулд 19 аймаг, нийслэлийн 125 хүлэмжийн аж ахуй эрхлэгч иргэдийн дунд судалгаа хийж, дүнг нь Эрчим хүчний яаманд хүргүүлсэн байна. Тэрхүү судалгаан дээр үндэслэн 2020 оны төсөв (2019 онд)-ийг батлахдаа улсын төсөвт хоёр тэрбум төгрөг тусгажээ. Жимсний хүлэмжийн аж ахуй эхлэгчид энэ оны 1-р сарын 1-ээс эхлэн өвлийн эрчим хүчний 100 хувийн хөнгөлөлтийг жил бүрийн 11 дүгээр сарын 1-ээс 5 дугаар сар хүртэл эдлэх юм. Энэ бол жимсний аж ахуй эрхлэгчдэд төрөөс үзүүлж байгаа том дэмжлэг. Нөгөө талаар импортийг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж байгаа нэг хэлбэр. Манай улс жилийн хэрэгцээнийхээ жимсний 90 хувийг импортолдог гэсэн (албан бус) мэдээлэл бий. Жимсний аж ахуйг хөгжүүлснээр дээрх импортод зарцуулдаг валют эрх орондоо үлдэнэ.


Тарьсан (6.02 мянган га), хураасан жимс (1,512,466 кг)-ний үнэмлэхүй ихэнхийг эзэлдэг чацаргана боловсруулах үйлдвэрийн талаар цөөнгүй ажил хийжээ. Түүний зарим нэгийг авч үзье. ХХААХҮЯ Хими, хими технологийн хүрээлэнтэй “Чацаргана, түүний гаралтай бүтээгдэхүүний биохимийн найрлага ба эмчилгээ, хүнс тэжээлийн шинж чанарыг харьцуулсан судалгаа”-ны гэрээ байгуулсан байна. Мөн “чацаргана боловсруулах үйлдвэрүүдэд хүнсний чанар аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлэх” зөвлөх үйлчилгээний гэрээг Обзерв стар ХХК-тай байгуулан төсөлд оролцсон чацаргана боловсруулах 8 үйлдвэрт олон улсын чанарын удирдлагийн тогтолцооны талаар цогц сургалт явуулжээ. Тус сургалтаас гадна "Еден" ХХК, "Увс Хүнс" ХК-д олон улсын баталгаажуулалтын байгууллагаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэн ISO 9001  чанарын удирдлагын тогтолцооны гэрчилгээ авахаар болжээ. Монгол орны өнцөг булан бүрт чацаргана тарьж болдог, ургадаг өөрийн онцлогтой юм байна. Ийм учраас 2019 онд аймгууд, нийслэл ямар хэмжээний чацаргана хураан авсныг ҮСХ-ны мэдээнээс харж болно.


Монгол оронд 60 гаруй зүйлийн зэрлэг жимс ургадаг.  Эдгээр жимсийг дотор нь өвслөг ургамал (гүзээлзгэнэ, аньс нэрс, цангис)-ын,  мод бутлаг ургамал (хад, бөөрөлзгөнө, тошлой, чацаргана, хармаг)-ын  гэж хоёр ангилдаг.  Үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ, чацаргана нь органик бодис, витаминаар баялагтайд тооцогддог. Жимсээр гэрийн нөхцөлд төрөл бүрийн амтлаг шүүс, зутан, чанамал хийж ашиглах боломжтой.


Жирийн хэрэглээнд жимс (алим, жүрж, усан үзэм, гүзээлзгэнэ, гадил)-ийг түүхийгээр нь идэж болдог. Хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг зохицуулах, хүч чадлыг нэмэх, эрүүл чийрэг өсч ториноход жимс юу юунаас чухал. Жимс чихэрлэг , олон янзын органик хүчил, бичил язгуур махбод, төрөл бүрийн витамин агуулсан байдаг.  Хүн хоногт 300-аас доошгүй, жилд 109-112 кг жимс, түүний бүтээгдэхүүнээр хийсэн хүнс тэжээл, ундааны зүйл хэрэглэх шаардлагатай гэж эрдэмтэд үздэг байна.


Бөөрөлзгөнө, хар нэрс, гүзээлзгэнэ, үхрийн нүд зэрэг жимс нь зүрх мэдрэл, цусны даралт ихдэх, цус багадах, халуурах, чийгтэх зэрэг элдэв өвчинг анагаах эмийн түүхий эд болдог. Иймээс эмэнд ордог жимсийг түүхэд цэцэглэх, үр жимс бүрэн боловсрох хугацааг сайн мэддэг байх хэрэгтэй.

Холбоотой мэдээ