Ганад нэг хүнээс 533 хүнд халдвар дамжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-05-11 14:32:52

АККРА. /France24/. Гана улсын Тема хотын загасны үйлдвэрийн нэгэн ажилтнаас 533 ажилтанд халдвар дамжсан байна гэж тус улсын Ерөнхийлөгч Нана Акуфо Аддо өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.


Гана улсын Эрүүл мэндийн яам үйлдвэрт халдвар гарсан талаар баасан гарагт мэдээлсэн боловч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байжээ. “533 хүн нэг хүнээс халдвар авсан байна” гэж Н.Аддо мэдэгдсэн боловч халдвар үйлдвэрт хэрхэн тархсан, аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг авсан эсэх талаар мэдээлээгүй байна.


Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн Ганад халдвар авсан хүний тоо ням гаргийн байдлаар 4700-д хүрч, 22 хүн нас барж, 494 хүн эдгэрчээ. Гана нь Баруун Африкийн орнуудын дундаас халдвар хамгийн их тархсан оронд тооцогдож байгаа юм.


“Манай улсад халдвар тархсанаас хойш нийт 160501 хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд нэг саяд хүнд ногдох шинжилгээний тоогоор Африкийн орнуудаас нэгдүгээрт бичигдэж байна” гэж Гана улсын төрийн тэргүүн мэдэгджээ. Оношлох, илрүүлэх, эмчлэх стратегийг баримтлах нь вирусийг ялан дийлэх баталгаатай арга зам гэдгийг тэрбээр тэмдэглэжээ.


Мөн Н.Аддо олон хүн цугларахыг хориглох шийдвэрийг энэ сарын эцэс хүртэл сунгаж буйгаа мэдэгдсэн байна. Түүнчлэн сургууль, их сургуулиуд  хаалттай хэвээр байх ажээ. Гана улсын хоёр том хот болох Аккра, Кумасид тогтоосон хөл хориог өнгөрсөн сард сулруулсан байна.  

Холбоотой мэдээ