Ерөнхий сайдын ивээлд Үндэсний шилдэг бүтээлийн уралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-19 12:21:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар түүний ивээл дор хоёр дахь удаагаа  Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан болно. 


Тус уралдаан энэ удаа 300 орчим сая төгрөгийн санхүүжилттэй бөгөөд Үндэсний их баяр наадмыг угтаж, монгол үндэсний өв соёл, түүх уламжлал, ёс заншил, өвөрмөц онцлогийг илэрхийлсэн, ард иргэдэд эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн радио, телевизийн бүтээлийг арвижуулах, үндэсний бүтээлийг олон нийтэд хүртээмжтэй хүргэхэд төрөөс дэмжих зорилготой аж. 


Уралдаанд оролцож байгаа үндэсний бүтээлийн агуулга, чанарыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, телевиз радиогийн хөтөлбөрт эзлэх үндэсний бүтээл, нэвтрүүлгийн чанар, хувь хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч дараах төрлөөр зарлаж байна.


  • Үндэсний бүтээл бүхий 7 хоногийн шилдэг хөтөлбөртэй радио, телевиз тус бүрээр;
  • Үндэсний шилдэг телевизийн бүтээл
  • Үндэсний шилдэг радиогийн бүтээл
  • Үндэсний шилдэг хүүхдийн бүтээл (радио,телевиз тус бүрээр)
  • Орон нутгийн телевиз, радиогийн үндэсний шилдэг бүтээл


Уралдаанд арилжааны радио, телевиз болон студи, продакшн, уран бүтээлийн нэгдлүүд оролцож болно. Хугацааны хувьд Монголын Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу энэ оны долоодугаар сарын 10-16-нд радио, телевизээр нэвтрүүлсэн хөтөлбөрийг, бүтээлийн хувьд  2020 онд бүтээгдсэн бүтээлийг хамруулж үзэх юм.


Уралдаанд оролцогчид, тэдний бүтээлийг энэ оны долоодугаар сарын 1-7-ны 17.00 цаг хүртэл бүртгэж, хүлээж авна.


ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого зохицуулалтын хэлтсээс бүртгэлийн талаар мэдээлэл авч, бүтээлээ бүртгүүлэх боломжтой гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ