Хлорохин коронавирусний эмчилгээнд үр дүнтэй эсэх нь нотлогдоогүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-21 10:58:40

ЖЕНЕВ. /TASS/. Хлорохин эм нь коронавирусний эмчилгээнд үр дүнтэй эсэх нь батлагдаагүй гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ анхааруулжээ. ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга Майкл Райан лхагва гарагт болсон цахим хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн байна.


“Одоогоор коронавирусний эмчилгээнд энэ эмийн хэрэглээ үр дүнтэй эсэх нь батлагдаагүй. Эмнэлзүйн судалгаа хийгдэхээс нааш энэ эмийг коронавирусний эмчилгээнд ашиглахгүй гэдгээ олон газар мэдэгдсэн. Энэ нь эмийн хэд хэдэн гаж нөлөөтэй холбоотой юм” хэмээн тэрбээр мэдэгджээ.


Бразилын Эрүүл мэндийн яам коронавирусний эмчилгээнд зориулж хлорохин болон гидроксихлорохины хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн тухай “Globo” сонин өнгөрсөн лхагва гарагт мэдээлжээ. Өмнө нь халдвар авсан өвчтөний бие хүндэрсэн тохиолдолд л эдгээр эмийг хэрэглэхийг зөвшөөрч байсан бол одоо өвчний аль ч үед хэрэглэхийг зөвшөөрчээ. Ингэхдээ өвчтөний талаарх эмчийн тэмдэглэл, нэмэлт шинжилгээний дүн, өвчтөний зөвшөөрөл дээр үндэслэн эмийг олгох аж.


Бразил улс нь коронавирусээр халдварласан болон нас барсан тохиолдлын тоогоор Латин Америкийн орнуудын дунд нэгдүгээрт орж байгаа юм. Долдугаар сард нөхцөл байдал тогтворжиж, наймдугаар сард тархалтын хурд аажмаар буурч эхэлнэ гэж тус улсын Эрүүл мэндийн яам таамаглаж байна.

 

Холбоотой мэдээ