Олон эрхтэн тогтолцооны хам шинж хүүхдэд илэрч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-21 13:51:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн улс, орнуудад хүүхдийн дунд хордлогот шокийн хам шинжтэй төстэй олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хүндрэл бүртгэгдэж байгааг Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр онцлов.


Тэрбээр, “Итали улсад 1-4 дүгээр сарын хугацаанд энэ хам шинжийн тохиолдол 30 дахин нэмэгдсэн. АНУ-ын 14 мужид 200 гаруй ийм тохиолдол, гурван нас баралт бүртгэгдээд байна. Франц, Их Британи улсад ийм хам шинжийн 230 гаруй тохиолдол, хоёр нас баралт бүртгэгджээ. ДЭМБ-аас энэ хам шинжийн тодорхойлолт, бүртгэлийн маягтыг гаргасан. Манай улс ч ЭХЭМҮТ болон үйл явдалд суурилсан тандалт судалгаагаар энэ хам шинжийг бүртгэж эхэлсэн” хэмээв.


ДЭМБ-аас олон эрхтэн тогтолцооны хам шинж илэрсэн хүүхэд гол төлөв хүндэрч, эрчимт эмчилгээнд шилжиж байгааг  гишүүн орнууддаа анхааруулсан. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж гаргажээ. Хүүхэд гурваас дээш хоног халуурах, биеэр нь юм туурах, нүд өвдөх, хэт нойрмоглож унтах, сэрж чадахгүй болох, бөөлжих, суулгах, гэдсээр нь өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэйг энэ үеэр ЭМЯ-наас зөвлөв.

Холбоотой мэдээ