"Байшин" төслийн 10 айл шалгарч гэрээгээ байгууллаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-05-22 21:40:44

Хэнтий /МОНЦАМЭ/ "Дэлхийн Зөн Бор-Өндөр II" хөтөлбөрийн "Байшин" төсөлд 10 айл шалгарч, гурвалсан гэрээгээ өнөөдөр байгууллаа.

Энэ жил хоёр дахь удаагаа хэрэгжиж буй уг төсөлд Хэрлэн сумын 6 багийн нийт 136 айл өргөдөл, анкетаа ирүүлсэн байна. Үүнээс "Дэлхийн Зөн Бор-Өндөр II" хөтөлбөр, Хэрлэн сумын ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсэг 3 үе шаттайгаар шалгаруулжээ. 

Төслийн ажлын хэсэг 1-р шатанд өргөдөл хүсэлтээ ирүүлсэн 136 өрхөөс удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу нийт 60 өрхөөр орж, нөхцөл байдлын үнэлгээ судалгааны ажлыг зохион байгуулжээ. Ингэхдээ олон хүүхэдтэй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрх, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрх, мөн эдгээр шаардлагуудын зэрэгцээ төслийн үеэр гарах зардал, ажиллах хүчийг бүрэн гаргах боломж зэргийг харгалзан үзэж шалгаруулалтаа явуулсан аж.

Төсөл энэ зуны турш хэрэгжих бөгөөд Хэрлэн сумын 2-р баг Нисэхийн 29 дүгээр эгнээнд байшин хороолол барих юм. Хэрлэн сумын ЗДТГ-ын зүгээс эдгээр 10 айлын газрын асуудлыг шийдвэрлэн хамтран ажиллаж байна.

Холбоотой мэдээ