Б.Жонсоны зөвлөхийг хорио цээрийн дэглэм зөрчсөн хэмээн буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-24 14:05:57

ЛОНДОН. /BBC/. Дэлхий дахинд коронавирусээр халдварласан хүний тоо 5.4 сая давж, Бразил халдварын тохиолдлын тоогоор Оросыг гүйцэж, халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн орнуудын жагсаалтад хоёрдугаарт бичигдэх болов.


Европын орнууд хязгаарлалтаа аажмаар сулруулж эхлээд байгаагаас гадна Испани 7 дугаар сараас эхлэн гадны жуулчдыг хүлээн авахаар бэлтгэж байна.


Дэлхий дахинаа мусульманчууд анх удаа Рамадан сарыг хөл хорионд өнгөрүүлжээ. Өрнөдийн болон Ойрхи Дорнодын орнуудын дийлэнх нь олноороо мөргөл үйлдэх боломжгүй байгаа юм.  


Испани 7 дугаар сараас аялал жуулчлалын улирлыг эхлүүлнэ


Испани 7 дугаар сард гадаадын жуулчдад хилээ нээнэ гэж тус улсын Ерөнхий сайд Педро Санчес мэдэгджээ. Түүнчлэн Испанийн Ла Лигийн багууд тоглолтуудаа 6 дугаар сарын 8-наас эхлүүлж магадгүйг байгааг тэрбээр мэдэгджээ.


Коронавирусний цар тахлын улмаас Испанийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 3 дугаар сард зогсоосон хэдий ч тоглогчид 5 дугаар сараас эхлэн бэлтгэл сургуулилтандаа эргэн оржээ.

Испани 5 дугаар сараас хөл хорионы хатуу дэглэмээс аажмаар гарч, кафе, зоогийн газруудын үйл ажиллагааг хэсэгчлэн сэргээгээд байгаа юм.


Коронавирусний цохилтод Европын орнуудаас хамгийн түрүүнд өртсөн орнуудын нэг Испани халдварын улмаас нас барсан тохиолдлын тоогоор АНУ, Их Британи, Италийн араас 4 дүгээрт жагсаж байгаа юм. Харин шинээр илэрсэн тохиолдлын тоогоор бага хэвээр байна.


Борис Жонсоны зөвлөхийг хөл хорионы дэглэм зөрчсөн хэмээн буруутгажээ


Хэвлэл мэдээлэл, цагдаа нар, лейбористуудын сөрөг хүчний нам Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны ойрын туслах Доминик Каммингсийг гэргийн хамтаар Лондон хотоос 430 км зайд байдаг Дарэм хот руу бага насны хүүхдээ дагуулан явсан хэмээн буруутгажээ. Дарэм хотод түүний эцэг эх амьдардаг байна.  


Тухайн үед Каммингсийн гэргийд коронавирусний шинж тэмдэг илэрч байсан бөгөөд тун удалгүй тэрбээр халдвар авсан нь тодорхой болжээ.  


Харин тэр үед Их Британид хөл хөдөлгөөнийг хязгаарласан хатуу арга хэмжээ орон даяар үйлчилж байсан бөгөөд бүгд гэртээ байж, “Covid-19”-н шинж тэмдэг илэрвэл өөрийгөө даруй тусгаарлаж, 7 хоног гэрээсээ гарахгүй байхыг Ерөнхий сайд иргэдээс хүсжээ. Түүнээс гадна Б.Жонсон настай иргэдийг халдвар авах эрсдэлд оруулахгүйн тулд хөгшин хүмүүсээр хүүхдээ харуулахгүй байхыг иргэддээ хандан уриалж байсан аж.  


Харин Каммингс өөрөө халдвар авбал хүүг нь асрах хүн байхгүй болно гэж үзсэн учир гэр бүлийнхнийгээ дагуулан эцэг эх дээрээ очсон байна. Түүний үйлдэл хууль дүрэм зөрчсөн явдал биш хэмээн Засгийн газар Каммингсийг өмөөрчээ. Сангийн сайд болон Дотоод хэргийн сайд нар мөн Борис Жонсоны зөвлөхийг өмгөөлсөн хэдий ч Дарема хотын цагдаа нар мэдэгдэлдээ Каммингсийн үйлдлийг эрс зэмлэн буруушаажээ.


"Хувийн шалтгааныг үл харгалзан вирусний тархалтыг бууруулахад чиглэсэн дүрэм журмыг харгалзан үзвэл халдвартай хүнийг Дарем хот руу авч явсан нь тун болчимгүй үйлдэл юм” хэмээн цагдаагийн дарга Стив Уайт мэдэгдсэн байна.


Каммингсийн үйлдлийг сөрөг хүчний Лейборист нам мөн хатуу шүүмжилжээ.


"Хөл хорионы дүрэм журам маш тодорхой байсан. Гэсэн ч Ерөнхий сайдын гол зөвлөх Каммингс өөрийнх нь хувьд дүрэм журам нэг хэрэг иргэдийн хувьд дүрэм журам өөрөөр үйлчилдэг гэж үздэг нь илэрхий байна. Энэ нь хямралын үеэр ихийг золиосолсон хэдэн сая хүний хүнд бухимдал төрүүлж байна” гэж намын мэдэгдэлд дурджээ.


Холбоотой мэдээ