Өөрийн саналаар цэрэгт явах залуус олширчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2016-05-07 15:08:31

Нийслэлийн хэмжээнд бүх дүүрэгт цэрэг татлага зэрэг явагдаж, залуус өөрийн саналаар цэрэгт явах нь нэмэгдсэн байна гэж цэргийн штабт ажиллаж байгаа албаныхан ярьж байна.

Харин эрүүл мэндийн үзлэг хийж буй эмч нар " Манай залуусын ихэнх нь хувийн ариун цэвэр хангалтгүй, эрүүл мэндийн талаарх мэдлэг дутмаг ч ихэнх залуус эрүүл мэнд болон биеийн хөгжил гайгүй байна" гэв. Энэ жилийн тухайд улаанбурхан халдварт өвчний дэгдэлт их буй учир цэргийн үзлэгийн багт ХӨСҮТ-ийн эмч нар багтжээ. Цэрэг татлагад хамрах 18-25 насныхан зарлан дуудах бичгээсээ гадна эмчилгээ, шинжилгээ хийлгэж байсан эмчийн бичиг, дүгнэлт, эхо, рентген зураг зэрэг нотлох бичиг баримтаа авчрах шаардлагатай байгааг эмч нар анхаарууллаа.  Сүхбаатар дүүргийн тухайд ерөнхий боловсролын 31 дүгээр сургууль дээр цэргийн бүртгэл явагдаж байна. Цэрэгт явах хүсэлтэй залуусын идэвх өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад сайжирсан. Ажилгүй залуус, оюутнууд цэрэгт өөрсдийн саналаар явах сонирхол нь нэмэгдсэн гэж тус дүүргийн Тамгын газрын цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа ярив. Нийслэлийн цэрэг татлага маргааш ням гариг хүртэл үргэлжилнэ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ