"Бодь даатгал" анхны арилжааны цангаа цохилоо

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-05-25 13:52:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид шинээр бүртгүүлээд буй "Бодь даатгал" ХК үнэт цаасны анхны арилжааны цангаа өнөөдөр цохилоо. 

Тус компани Хөрөнгийн биржийн үнэт цаасны 1-р ангилалд бүртгүүлээд байгаа юм. Улмаар нийт хувьцааны 20 хувийг нь стратегийн хөрөнгө оруулагчдад (тогтоосон үнийн аргаар буюу нэгжийн үнийг 113 төгрөгөөр), олон нийтэд захиалгын бүртгэлийн аргаар (нэгжийн үнийг 113-135 төгрөгийн хооронд) санал болгон худалдах юм. Ингэснээр нийт 5.3-5.6 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Төвлөрүүлсэн хөрөнгийг хөрөнгө оруулалт, инноваци технологийн хөгжүүлэлт, сайжруулалтад зарцуулахаар төлөвлөжээ.

Анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын ажиллагаанд СЗХ-ны дарга Д.Баярсайхан, Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, "Бодь Даатгал" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Г.Саруул, гүйцэтгэх захирал Б.Золбаяр нар оролцож, Хөрөнгийн биржийн үнэт цаасны 6232 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо. Тодруулбал, тус компани Монголын хөрөнгийн зах зээлд энэ оны анхны IPO хийж буй юм. Мөн хөрөнгийн зах зээлд гарсан даатгалын 4 дэх компани болжээ.




Энэ оны анхны IPO хийж, мөн хөрөнгийн зах зээлд гарсан даатгалын 4 дэх компани болж байна



"Бодь даатгал" ХК нь 2014 оноос Франц улсад төвтэй эрүүл мэндийн даатгалаар дэлхийд тэргүүлэгч АХА групптэй давхар даатгал, эрүүл мэндийн даатгалын чиглэлээр хамтран ажиллаж байна. Улмаар insurtech технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн цахим даатгалын үйлчилгээгээр салбартаа манлайлан, нөхөн төлбөрийг харилцагчийн хүссэн сошиал сувгаар дамжуулан хамгийн богино буюу 20 минутад багтаан шийдвэрлэж байна.

Тус компанийн үнэт цаасны худалдан авах захиалга өнөөдөр, 5-р сарын 25-наас эхэлж, 6 дугаар сарын 8 хүртэл 10:00-15:00 цагийн хооронд Монголын Хөрөнгийн биржийн бүх гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах юм. "Бодь Даатгал" ХК-ийн үнэт цаасны танилцуулгыг Эндээс үзнэ үү. 

Холбоотой мэдээ