Хятадын албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авахыг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-28 10:15:21

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын албан тушаалтнууд Шинжаан Уйгарын өөртөө засах орны уйгар, лалын шашинт бусад бүлэгт шахалт үзүүлж байна гэж Америкийн эрх баригчид үзэж байгаа бөгөөд тэдгээр албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авахыг зөвшөөрсөн хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим лхагва гарагт санал нэгтэй баталжээ. Санаачилгыг Конгрессын 413 гишүүн дэмжсэн бол ганцхан хүн эсэргүүцсэн байна.


Коронавирусний цар тахлын улмаас санал хураалтыг анх удаа алсаас явуулсан бөгөөд Бүгд Найрамдах намын гишүүд ийм хэлбэрээр санал хураалт явуулахыг эрс эсэргүүцжээ.


Сенатын танхим 5 дугаар сарын дундуур санал нэгтэй баталсан уг хуулийн төсөлд Үндэсний цөөнх уйгарыг хавчиж байгаагийнх нь хариуд хатуу арга хэмжээ авахыг Ерөнхийлөгч Доналд Трамп үүрэг болгохыг тусгажээ. Одоо энэхүү санаачилгад АНУ-ын Төрийн тэргүүн гарын үсэг зурах ёстой аж. Д.Трамп энэхүү хуулийн төслийг маш нарийн судлахаа мэдэгдсэн хэдий ч төслийн талаар ямар бодолтой байгаагаа илэрхийлээгүй байна.  


Хуулийн төслийг анх Бүгд найрамдах намын гишүүн Марко Рубио санаачилжээ. Хориг арга хэмжээнд виз олгохоос татгалзах, АНУ-ын нутаг дэвсгэр дэх хөрөнгийг царцаах зэргийг тусгасан байна.


Хятадын баруун хойд нутагт оршдог Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд тус улсын үндэстний цөөнх болох уйгарууд оршин суудаг бөгөөд дийлэнх нь лалын шашин шүтдэг. Хятадын эрх баригчдын мэдээлснээр, Шинжаанд олон улсын террорист бүлэглэлүүдтэй холбоо сүлбээ бүхий салан тусгаарлагч үзэлтнүүдийн бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг байна.


Шинжаан-Уйгурын өөртөө засах орны засан хүмүүжүүлэх газруудад нэг сая хүртэл тооны уйгур үндэстнийг “хууль бусаар хорьж байж болзошгүй” тухай “нотлох баримттай мэдээллийг” өгсөн гэж НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссын төлөөлөгчид 2018 оны наймдугаар сард мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет тус бүс нутаг руу ажиглагчдыг илгээх санал тавьсан байна. Тэрбээр Шинжаанд үүссэн нөхцөл байдалд түгшиж буйгаа илэрхийлжээ.


Хятадын эрх баригчид дээрх мэдээллийг удаа дараа няцаасаар ирсэн боловч Шинжаанд “боловсрол, мэргэжлийн сургалтын төвүүд” үйл ажиллагаа явуулдаг гэдгийг 2018 оны сүүлээр анх удаа нотолсон юм. Хятадын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, ийм төвүүдэд “терроризм, хэт давруу үзлийн нөлөөнд автсан хүмүүсийг” сурган хүмүүжүүлдэг байна. Гэхдээ ийм төвүүдэд хэчнээн тооны хүн байгааг тодорхой мэдээлээгүй юм.

Холбоотой мэдээ