Хакерууд Японы батлан хамгаалахын мэдээллийг хулгайлсан байж болзошгүй байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-29 12:49:55

ТОКИО. /Kyodo/. Японы “NTT Communications теле харилцаа холбооны томоохон компани руу хакерууд халдаж, тус улсын Өөрийгөө батлан хамгаалах хүчний ашигладаг харилцаа холбооны сүлжээтэй холбоотой мэдээллийг хулгайлсан байж болзошгүй байна.


Kyodo агентлагийн мэдээлснээр, хулгайлсан байж болзошгүй мэдээлэлд харилцаа холбооны тоног төхөөрөмжийн тухай мэдээлэл, Японы цэргийн байгууламжууд тэр дундаа Йокосука тэнгисийн цэргийн баазын зураг, төлөвлөгөөнүүд багтжээ. Энэ хэргийг Японы Батлан хамгаалах яам “NTT Communications” компанитай хамтран мөрдөн шалгаж байгаа аж.


Гэмт этгээдүүд нийт 100 гаруй файлд зөвшөөрөлгүйгээр нэвтэрчээ. Хулгайлсан баримт бичгүүд нь нууцын зэрэгтэй биш хэдий ч Батлан хамгаалах яам, Өөрийгөө хамгаалах хүчин хоорондын харилцаа холбооны сувгууд эрсдэлд орж болзошгүй байна.


Өмнө нь цахилгаан бараа үйлдвэрлэгч “Mitsubishi Electric” компани хакерын халдлагад өртсөний дараа хакерууд пуужингийн хөгжүүлэлтийн мэдээллийг хулгайлсан гэх хэргийг Японы БХЯ мөн шалгаж байгаа аж.

 

Холбоотой мэдээ