Кэрри Лам БХАТИХ-ын чуулганаар баталсан тогтоолыг ойлгож, дэмжихийг иргэддээ уриалжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-05-29 16:20:27

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн гүйцэтгэх засаглалын тэргүүн Кэрри Лам ард иргэддээ хандан үг хэлэхдээ, санал зөрөлдөөнөө хойш тавьж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас /БХАТИХ/ гаргасан БНХАУ-ын засаг захиргааны тус онцгой бүсэд үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулах шийдвэрийг ойлгохыг уриалжээ.


“Би та бүхнийг БХАТИХ-ын чуулганаар баталсан тогтоолыг бүрэн ойлгож, дэмжихийг уриалж байна" гэж тэрбээр мэдэгдсэн байна. “Өнгөрсөн жил Хонконгийн нийгэм томоохон донсолгоотой нүүр тулсан. Үймээн самуунд оролцогчдын хүчирхийлэл нэмэгдэж, хууль бус галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис илэрсэн нь терроризмын аюул заналхийлж буйг харуулж байна” гэж Керри Лам онцлон тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд аюул учруулж буй хэт давруу үзэлтнүүдийг дэмжих зорилгоор Хонконгийн хэрэгт гаднаас оролцох нь нэмэгдэж байна. Керри Лам мөн БНХАУ-ын төв эрх баригчдын нэр хүндэд илт халдаж буй “Хонконгийг тусгаар улс болгох” үзлийг дэвэргэгч хүчнүүд идэвхэжсэн хэмээв.


Үүний зэрэгцээ Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн өнөөгийн механизм сул бөгөөд үр ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр 23 жилийн турш Хонконгийн удирдлагууд энэ чиглэлээр өөрсдийн хууль тогтоомжийг боловсруулан баталж чадаагүй учир уг асуудлыг БХАТИХ-ын түвшинд шийдвэрлэхээс аргагүйд хүрсэн гэдгийг тэмдэглэжээ.


Шинэ хууль нь “зөвхөн хэдхэн тооны гэмт хэрэгтнийг чиглэх” бөгөөд “нэг улс-хоёр тогтолцоо” зарчмыг, түүнчлэн нутгийн оршин суугчдын хууль ёсны эрх, эрх чөлөө, түүний дотор үг хэлэх, тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах эрх чөлөөг зөрчихгүй гэдгийг Хонконгийн тэргүүн дахин цохон тэмдэглэсэн байна. 


Пүрэв гарагт БХАТИХ-ын чуулганаар баталсан тогтоол нь тус их хурлын Байнгын хороонд Хонконгийн хууль тогтоох зөвлөлтэй зөвлөлдөхгүйгээр үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг боловсруулах эрхийг олгож байгаа юм. Уг хууль наймдугаар сар гэхэд хүчин төгөлдөр болж магадгүй байна. Шинэ хууль нь Хонконгт салан тусгаарлах үйл ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг урвуулан ашиглах, терроризм, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох зэрэг үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх, шийтгэхэд чиглэгджээ.


Холбоотой мэдээ