УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг олгож эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-06-02 08:01:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нам, эсвлээс болон бие даан нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж эхэллээ.


УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд анх 15 нам, 4 эвсэл оролцохоор бүртгүүлж, батламжаа гардаж байсан. Ингээд хуульд заасан хугацаа буюу өнгөрсөн сарын 17-21-нд СЕХ-нд 13 нам, 4 эвсэл нэр дэвшигчдийн материалаа ирүүлсэн байна. Харин Ардчилал шинэчлэлийн нам, Эх орон нам нэр дэвшүүлсэнгүй. Үндэсний аудитын газарт 208 бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө хүргүүлж байсан бол СЕХ-нд 137 бие даагч материалаа хүргүүлсэн юм. СЕХ бүх нэр дэвшигчдийн материалыг өнгөрсөн сарын 21-нээс хойш хянаж, бичиг баримт нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд нийцсэн нэр дэвшигчдийг батламжилсан бөгөөд нэрсийг өнөөдөр эцсийн байдлаар олон нийтэд танилцуулах юм.


Бие даан нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр 08.00-18.00 цагт олгох юм. “COVID-19”-өөс сэргийлэх үүднээс нэг дор олон хүн цуглуулахгүй байх бодлого баримтлан 1 цагт 12 бие даан нэр дэвшигчийн үнэмлэхийг олгож байна. Харин нам, эвслээс нэр дэвшигчдийн үнэмлэхийг доорх цагийн хуваарийн дагуу олгоно.


Нам, эвслээс тус бүр 2 хүн СЕХ-нд орж, бүх нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардана. Ингэснээр нэр дэвшигчид сурталчилгаагаа эхлүүлэх боломжтой болох юм.

Холбоотой мэдээ