Рашаан орд бүрийг паспортжуулж сан бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-06-02 09:40:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Рашаан усыг ашиглах, хамгаалах журмыг шинэчлэн батлаад байна. 

Тодруулбал, БОАЖ-ын болон Эрүүл мэндийн сайдын энэ оны хамтарсан А/301 болон 265-р тушаалаар “Рашааныг зохистой ашиглах, хамгаалах журам" гарчээ. Энд рашаан, түүний ашиглах нөөцийн хэмжээг тогтоох хайгуул, судалгааны ажлыг байгаль орчныг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгодог Усны мэргэжлийн байгууллагын эрхтэй хуулийн этгээд гүйцэтгэнэ гэж заажээ. Ингэхдээ хайгуул, судалгааны ажлыг улс, орон нутгийн төсөв болон хүн, хуулийн этгээдийн хөрөнгөөр санхүүжүүлж болно гэж тусгажээ. 

Хайгуул, судалгаагаар ашиглах боломжит нөөц нь батлагдсан рашаан орд бүр паспорттой байж, ордын паспортыг тухайн Сав газрын захиргаа, рашаан ашиглагчид олгож, улмаар мэдээллийн сан оруулах юм. 

Рашааныг хамгаалах харилцааг Усны тухай хуулиар зохицуулах юм байна. Тодруулбал, рашааны бүсийг тухайн Сав газрын захиргаа хариуцаж, нутаг дэвсгэрийн сум, дүүргийн ИТХ-аар батлуулах аж. 


Рашаан ашиглагч нь рашаан ашигласны төлбөрийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 10-ын 2-т зааснаар тооцон төлж, мөн үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалтаар ашиглах тохиолдолд мөн хуулийн дагуу 15-ын 2 болон 5-т зааснаар рашаан ашигласны төлбөрийг тус тус төлнө. Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа ус бохирдуулагч хүн, хуулийн этгээд ус бохирдуулсны төлбөрийг мөн хуулийн дагуу төлөхөөр зохицуулж журамлажээ. 

Журмын хэрэгжилтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалттай газар нутгийн болон Сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, байгаль орчны хяналтын Улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хянах юм. Дэлгэрэнгүй мэдээллиийг энд дарж үзнэ үү. 



Холбоотой мэдээ