МУГЖ Э.Амартүвшин дэлхийн сонгодог дууриудаас үзэгчдийн сонорыг мялаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-05-09 12:50:27

МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин энэ сарын 11-нд бие даасан анхны тоглолтоо үзэгчдэдээ өргөн барина.

Тэрбээр өнгөрсөн сарын 29, 30-нд Италийн “Ла Скала” театрын удирдаач Стефано Салваторитой хамтран Миланы ойролцоох хоёр хотод бие даасан тоглолтоо амжилттай хийгээд иржээ.

Тэрбээр хэлэхдээ, “Би дуурийн театрын гоцлол дуучин болоод 7 жил болж байна. Энэ хугацаанд Монголдоо бие даасан тоглолт хийж байгаагүй. Гадны нэлээд хэдэн олон улсын чанартай уралдаанаас эх орондоо шагнал авчирч байлаа. Ямар дуурийн дүрүүдэд дуулдаг, ямар уралдаан тэмцээнээс шагнал авсан, ямаршуу ур чадвартай дуучин болсон бэ гэдгээ ард түмэндээ тайлагнах цаг нь болсон гэж үзээд анх удаа эх орондоо “Энхбатын Амартүвшин” тоглолтоо толилуулахаар боллоо. Тоглолтын хувьд нэлээд хүнд бас их чадал шаардаж байна” гэв.

Тэрбээр тоглолтдоо олон улсын уралдаан тэмцээнд дуулж байсан том аринуудаа дуулах аж. Тухайлбал, Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Реголетто” дуурийн Реголеттогийн ари, Ж.Вердийн “Багт наадам” дуурийн Ренатогийн ари, “Хэрмэл жүжигчид” дуурийн Прологийн ари, Монголын хөгжмийн зохиолчдоос Төрийн шагналт, УГЗ Б.Шарав “Чингис хаан” дуурийн Тэмүүжиний ари, Төрийн шагналт Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурийн Лодонгийн ари-гаар үзэгч түмэндээ бэлэг барина.

Түүний тоглолт зөвхөн сонгодог бүтээлүүдийн цогц бөгөөд Монгол, Итали, Орос хэлнээ 8 ари, 5 романс дуулах юм.

Тоглолтод УДБЭТ-ын найрал дуучид, симфони найрал хөгжим, ерөнхий концертмейстер, гавьяат жүжигчин Б.Солонго, Итали улсын “Ла Скала” театрын удирдаач Стефано Салватори урилгаар оролцох аж.

Дашрамд дурдахад, тэрбээр П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, Пласидо Домингогийн нэрэмжит уралдааны Гран при, Английн BBC агентлагийн “Cardiff Singer of the World 2015” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагнал, БНСУ-ын нийслэл Сөүлд болсон олон улсын тэмцээний гуравдугаар байрын шагнал тус тус хүртэж байв.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ