Л.Анар-Эрдэнэ: Харуу өвчтэй үрийн улаанбуудай хилээр орж ирэх боломжгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-05-09 15:36:49

ХХААЯ-ны дэргэдэх “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн Хөтөл салбарын эрхлэгч Л.Анар-Эрдэнэ: Харуу өвчтэй үрийн улаанбуудай хилээр орж ирэх боломжгүй хэмээн мэдэгдлээ. Тэрээр дараах асуултад хариулав. 

-ХХААЯ-наас тариаланчдад Хөтөл салбар дээрх үрийн улаанбуудайг олгож эхэлсэн гэж мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар тариаланчдад хэдий хэмжээний үрийн улаанбуудай олгоод байна вэ?

-“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас үрийн улаанбуудай импортлох зөвшөөрлийг хэд хэдэн компанид олгож, гэрээ байгуулсан. Үүний нэг “Нямбайгаль Даваа” ХХК нь Хөтөл салбар дээр 4000 тонн үрийн улаанбуудай нийлүүлэхээр гэрээ хийсэн. Гэрээний дагуу үрийн улаанбуудай ирж, дээжээс нь мэргэжлийн байгууллагууд шинжилгээ хийж, тариаланчдад олгож эхлээд байна. Нийт 4000 тонныг нийлүүлэхээс 2400 тонн нь Хөтөл салбар дээр ирснээс 975 тонныг тариаланчдад олгосон. Үрийн улаанбуудай олгох ажил  хэвийн үргэлжилж байна.

-“Газар тариалан холбоо”-ноос импортоор оруулж ирж буй үрийн улаанбуудайг харуутай, тариалалт хийж болохгүй гэсэн. Энэ тухайд?

-Мэргэжлийн байгууллагууд хяналт, шинжилгээгээ хийгээд дүгнэлтээ гаргасан. Эхний ээлжинд загвар дээжээ импортлогч компани авчирч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лавлагаа, лабораторид шинжлүүлсэн. Уг шинжилгээгээр стандартын шаардлага хангасан, чанартай үрийн улаанбуудай байна гэсэн дүгнэлт гарсан. Ингээд Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтан дор үрийн улаанбуудайгаа тухайн компани импортолж эхэлсэн. Орж ирснийх нь дараа холбогдох Гаалийн газраас үрийн дээж авч дахин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх төв лабораторид шинжлүүлсэн. Мөн Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дээж авч, давхар шинжилж, улсын байцаагч дүгнэлт гаргасан. Мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар стандартын шаардлага хангасан үрийн улаанбуудай, тариалалт хийх боломжтой гэсэн дүгнэлт гарсныг дахин хэлье. Тиймээс эдгээр шинжилгээний дүгнэлтэд үндэслэн тариаланчдад үрийн улаанбуудайг олгож буй юм.

- Үрийн улаанбуудайг шинжилсэн Сэлэнгэ, Дархан-Уулын мэргэжлийн хяналтын байцаагч нарын дүгнэлт зөрүүтэй гарсан. Үүн дээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ямар нэг тайлбар өгсөн үү?

- Импортын үрийн улаанбуудайг орж ирэхээс эхлээд Дархан-Уул аймгийн Гаалийн газраас хяналт тавьж ажилласан. Үүнтэй холбогдон өнөөдрийг хүртэл тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үрийн улаанбуудайд шинжилгээ хийх, хяналт тавих ажлыг хариуцаж байгаа. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сэлэнгэ аймгийн байцаагчийн дүгнэлт гээд гараад ирсэн. Тэр дүгнэлт надад хаягласан дүгнэлт байсан. Гэхдээ надад албан ёсоор ирээгүй. Тэр дүгнэлт дээр үр хөврөл харлах өвчтэй, ганц хоёр хог ургамлын үртэй гэсэн шинжилгээний хариу байсан. Харин “Газар тариалан холбоо”-ноос ярихдаа харуу өвчтэй үрийн буудай оруулж ирж байна гэж олон нийтэд ойлгуулаад байгаа. Үр хөврөл харлах, харуу өвчин гэдэг бол маш том зөрүүтэй ойлголт. Холбооны гэх хүмүүсийн яриад байгаа харуу өвчин гэдэг бол маш аюултай өвчин, улсын хилээр оруулахыг чанга хориглодог. Тиймээс харуу өвчтэй үрийн улаанбуудай хилээр орж ирнэ гэдэг ямар ч ойлголт байхгүй.
Мэргэжлийн хяналтын байцаагчид зөрүүтэй дүгнэлт гаргасантай холбогдуулж “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж, аль байцаагчийн дүгнэлтийг барьж ажиллах вэ гэдгийг тодруулсан. Үүний хариуд МХЕГ-аас импортын үрийн улаанбуудайд Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж, шинжилгээний дээжийг хариуцаж авна, дээжийг төв лавлагаа лабораторид шинжилж дүгнэлт гаргана гэсэн албан бичиг ирсэн. Тиймээс бид МХЕГ-аас ирсэн албан бичиг, холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн тариаланчдад буудайгаа олгож байна. 
-Тариалалт эхлэх  энэ үед ийм мэдээлэл гарсан нь тариаланчдын сэтгэлзүйд нөлөөлж байна?
- Шат шатны мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт нь, импортын үрийн улаанбуудай стандартын шаардлага хангасан гээд гарчихсан байна. Тиймээс тариаланчид маань энэ талаар санаа зовох зүйлгүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй худал ташаа мэдээлэлд итгэхгүй байхыг тариаланчдаас хүсэх байна. Үрийн улаанбуудай тарааж эхэлснээс хойш, дотоодоос нийлүүлсэн үрийн буудай авахаар гэрээлсэн тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд гэрээгээ цуцлан, импортын үр авахаар саналаа ирүүлсэн. Тиймээс тариаланчид импортын үрийг чанартай, тариалалт хийх боломжтой гэдгийг баталж байна.

 

Холбоотой мэдээ