Үенч суманд услалтын системийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-11 14:29:34

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Үенч сумын “Цагаан эрэг” гэх газарт  улсын төсвийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар услалтын систем байгуулжээ.

Тодруулбал, орон нутгийн газар тариалан эрхлэгчдийг дэмжих, ажлын ачааллыг бууруулах, тариалангийн нийт талбайг тогтмол усаар хангах зорилтын хүрээнд усны хэмжээ тохируулах таван хаалт бүхий 3.7 км бетон суваг шуудуу гаргажээ. Мөн хаалт бүр дээр  сувгаас ус гаргах хоёр хоолой суурилуулж, 3 гарамтай болгожээ.

Ингэснээр Үенч сумын газар тариалан эрхлэгчдийн 150 га газарт усжуулалтын ажил хийх боломжтой болжээ.

Тус ажлыг “Аригшан” ХХК-ийн хамт олон, нутгийн иргэдтэй хамтран гүйцэтгэсэн байна. Цаашид тохижилтыг сайжруулахад анхаарах, бетоны сорцын маркийг тодорхойлох зэрэг ажил хийх аж.

Ховд аймгийн Засаг даргын 2020 оны А/281 тоот захирамжаар байгуулсан улсын комиссын ажлын хэсэг  зургаадугаар сарын 09-нд тус ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, ашиглалтад хүлээн авчээ.  

Холбоотой мэдээ