ХОВД: Хамтарсан багийн гишүүдийг чадавхжууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хамтарсан багийн гишүүд нь хүчирхийлэлд өртсөн болон өртөх эрсдэлтэй хүүхэд, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг хамгаалах шуурхай тусламж үйлчилгээ үзүүлдэг.
Иймд Ховд аймагт ажиллаж буй хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, тэдний ажлын уялдаа холбоог сайжруулах үүднээс “Хамтын шийдэл, хамгаалагдсан ирээдүй” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Уг сургалтад 17 сумын 29 хамтарсан багийн 250 гаруй гишүүн оролцсон бөгөөд хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр орон нутагт хэрэгжүүлж буй ажил, өнөөгийн нөхцөл байдал, гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал гэх мэт 10 гаруй сэдвийн хүрээнд мэдээлэл солилцлоо.
Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр энэ сарын 24-25-нд Ховд аймагт болно. Тус ойн баярыг угтан дээрх сургалтыг зохион байгуулснаараа онцлогтой.
Сургалтыг зохион байгуулахад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Ховд аймгийн ЗДТГ, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран ажиллажээ.