Завханы Ургамал сумынхан цаасан уутыг хэрэглэж хэвшинэ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 13:06:07

Завханы Ургамал сумын төвд оршин суудаг иргэд өөрсдийн санаачилгаар ойр орчмын хогоо цэвэрлэх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан байна.

Хаврын улиралд газрын хөрс чийгтэй байгаа дээр ил задгай хогоо цэвэрлэх нь илүү үр дүнтэй байдаг.  Жил бүрийн хавар, намрын улиралд ийнхүү нийтийн их цэвэрлэгээг манай сумын иргэд байнга зохион байгуулдаг. Түүнчлэн энэ ажилд хайнга ханддаг зарим нэг иргэнд ил задгай хог хаяхгүй байхыг сануулж шаардлага тавьдаг хэмээн сумын удирдлагууд мэдээллээ.

Мөн энэ үеэр байгальд хамгийн их хор хөнөөлтэй хог хаягдал болох хуванцар сав, гялгар уут гэх мэт хогийг ил задгай хаяхгүй, хэрэглэсэн тэр даруйдаа устгаж байхыг зөвлөдөг ажээ. Жил бүр нийтийн их цэвэрлэгээнд 120 гаруй иргэн оролцож 140 гаруй тонн хогийг цэвэрлэж хогийн цэгт устгажээ. Мөн сумынхаа үйлчилгээний газрууд дэлгүүрүүдийг гялгар тороор биш цаасан уутаар үйлчлэх уриалга, иргэн бүр цаасан уутыг хэрэглэж хэвших аяныг жилийн хугацаанд зарлаад буй юм.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ