НИТХ-ын дарга Р.Дагва АНУ-ын Элчин сайд М.С.Клеческийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-06-16 13:14:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын дарга Р.Дагва АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Майкл С.Клеческийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын харилцаа, УИХ-ын сонгууль, Улаанбаатар хотын хөгжил, "COVID-19"-ийн халдварын цар тахлын нөхцөл байдал зэрэг олон сэдвийг хөндөн харилцан ярилцлаа. 

Элчин сайд Майкл С.Клечески хэлэхдээ, "Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны суурь үндэс нь ардчилал, түүний хөгжил юм. Монголд ардчиллын үйл явц эрчимтэй үргэлжилж байна. Энэ үүднээс ч тэр хэдхэн хоногийн дараа болох Монголын парламентын сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаанд ажиглагчаар оролцох хүсэлтээ миний бие Монголын талд, СЕХ-нд илэрхийлээд байгаа" хэмээн онцлоод АНУ Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж буйг тус улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага USAID-ын үйл ажиллагаа сэргэн тэлж байгаагаар жишээ татан хэлж, АНУ-ын ЭСЯ шинэ барилгатай болж газрын зөвшөөрлийг хурдан шийдэж өгсөнд талархаж буйгаа НИТХ-ын дарга болон нийслэлийн удирдлагад илэрхийллээ. 



НИТХ-ын Р.Дагва нийслэл хотын бүтээн байгуулалтад хувийн хэвшлийг оролцоог дэмжсэн шинэчлэлийг хийхээ илэрхийлж, энд гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж буйгаа илэрхийллээ. 


НИТХ-ын Р.Дагва хэлэхдээ, "Монгол дахь ардчиллын үйл явц итгэлтэй үргэлжилж буй учир энд эргэлзэх зүйл байхгүй. Та үүнд бүрэн итгэж болно. Үүнийг өнөө явагдаж буй УИХ-ын сонгуулийн үйл явцаас ч харж болно. Иргэд сонгуулиа хянаж чаддаг болсон. Сонгуулийн сурталчилгаа, өрсөлдөөн үйл явц олон нийтийн болон ХМХ-ын хяналтын дор шударга, нээлттэй болж байна" гэв. Тэрээр, бидэнд харин одоо санаа зовж буй зүйл нь УИХ-ын болон намар болох орон нутгийн сонгуулийн дараа хэн ч тэр, улс төрийн ямар ч хүчин гарлаа гэхэд нийслэл хотын хөгжлийг цааш шинэ шатанд гаргах үүрэг хариуцлага ирж байна гэв.


"Үүний өмнө нь бид амьдрах арга ухаанаа өөрчлөх хэрэгтэй байна. Бид төсвийн хөрөнгөөр бүхнийг шийддэг хуучин аргаа өөрчилнө. Хотын тулгамдсан асуудлыг зөвхөн төсвийн хөрөнгөөр шийдэх боломжгүй. Улаанбаатар хотын хөгжлийг нэг шат ахиулахад гадаад болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүнийг эрхзүйн зохицуулалтаар шийдэхээр зорьж байгаа. Өөрчлөхөөс ч аргагүй. Зөвхөн ийм байдлаар цааш явахгүй гэдгийг бид ойлгосон. Тиймээс дараагийн хөгжлийн үндэс болох хувийн хэвшил, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, энэ талын хууль эрхзүйг шинэчлэхэд шинээр эмхлэгдэх төр, засаг анхаарах цаг ирсэн"-ийг онцолж, Монгол Улсын ДНБ-ийн 67 хувийг эзэлдэг, хүн амын 50 хувь, нийт ААН-үүдийн 75 хувь нь байдаг Улаанбаатар хотын хөгжил дараагийн шинэ шатанд гарахад хувийн хэвшлийн оролцоо, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Үүний төлөө бид ажиллаж байна. 

Хотын дэргэд Эдийн засгийн чөлөөт бүс байгуулна. Энд гадаадын хөрөнгө оруулагчдийг урьж байгаа. Ноён Элчин сайдтай тантай уулзан 2 орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярьж байгаагийнх, бид Америкийн хөрөнгө оруулагчдыг Улаанбаатарт хүлээж буйг уламжилна уу гэсэн юм. 


Ноён Элчин сайд Майкл С.Клечески хариу хэлэхдээ, Хотын хөгжилтэй холбоотой хөрөнгө оруулалтуудыг америкчууд ихэд сонирхдог. АНУ-ын ЭСЯ-наас жил бүр хөрөнгө оруулалтын уур амьсгалын талаар илтгэл тавьдаг. Үүнд Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлыг тусгаж өгдөг гээд, Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргахад АНУ-ын тал бүхий боломж бололцоогоор дэмжин ажиллахаа илэрхийлж, хотын хөгжилтэй холбоотой хамтын ажиллагааны санал хүсэлтийг Америкийн бизнес эрхлэгчид, ажил хэрэгч хүмүүст уламжлахаа илэрхийллээ. Тэрээр Америк-Монголын Худалдааны танхим Амчам зэрэг байгууллагатай хамтран ажиллахыг хүслээ. Мөн уулзалтын Элчин сайд Майкл Клечески цар тахлын үед  бүхий л тал дээр хамтарч ажиллахад бэлэн буй гэдгээ онцолсон юм.

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ