Хог хаягдлын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-10 15:44:13

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянган тонноор нэмэгдэхийн зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд ч өөрчлөгдөх болсон. Тухайлбал, 2009 онд улсын хэмжээнд 820 мянган тонн хог хаягдал гарч байсан бол 2014 онд 2.4 сая тонн болж, даруй 3 дахин нэмэгджээ. Түүнчлэн орон нутагт хог хаягдлыг байгаль орчинд халгүй арга технологиор булшлах, хогийн цэг байгуулах ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаа ч хөрөнгө оруулалтын хэмжээ бага, тавигдах шаардлага, стандарт байхгүй, хүн хүчний нөөц, дадлага туршлага, техник тоног төхөөрөмж ихээхэн дутагдалтай байгаагаас шалтгаалан хог хаягдлын зүй зохистой менежмент хэрэгжихгүй байгаа юм.

Тиймээс дээрх хуулийн төслийг боловсруулан, энгийн болон аюултай хог хаягдлын савлалт, хадгалалт, тээвэрлэлт, устгал, дахин боловсруулалт болон төлбөр, хураамжийг зохицуулах тогтолцоог нарийвчлан тусгасан байна. Байнгын хорооны хэлэлцүүлгээр уг хуулийн төслийг хэлэлцээд 81.8 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжив.

Мөн үүний дараа "Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжив. Тогтоолын төсөлд “Халх гол” чөлөөт бүс олон улсын худалдааны хорио цээртэй мал, амьтны халдварт өвчнөөс ангид, эрүүл бүс байх, чөлөөт бүсэд тэг технологийг ашиглан тухайн бүс нутагт туршиж, баталгаажсан сортын үрээр тариалалт хийх, чөлөөт бүсэд үйлдвэрлэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах бүтээгдэхүүн байгальд ээлтэй технологиор үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн, генийн өөрчлөлтгүй байх зэрэг зарчмыг тусгажээ.

Түүнчлэн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаан болон холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав. Тодруулбал тус ажлын хэсгээс УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Ц.Дашдорж нарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Арвин, Ц.Оюунгэрэл нарыг ажлын хэсгийн гишүүнээр баталлаа. 

Н.Гантуяа

Холбоотой мэдээ