Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн салбарыг сумдад байгуулах нь зүйтэй гэж үзэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 17:32:21

Завханы Ургамал сумын ИТХ-аас “Хэрэглэгчийн эрхийг хамгаалая” нэртэй хэлэлцүүлгийг иргэдийнхээ дунд явуулжээ.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авах хэлэлцүүлэгт 70 гаруй иргэн оролцож санал хүсэлтээ хэлжээ. Мөн төрийн байгууллагуудын албан хаагчид болон сумын үйлчилгээний газруудын төлөөлөл 30 гаруй иргэн оролцсон байна. Хэлэлцүүлгийн үеэр иргэдээс санал асуулгын хуудсаар санал, гомдлыг авч ажилласан байна. Энэ үеэр хөдөө орон нутагт ялангуяа алслагдсан сумдад цөөн тооны дэлгүүрийн худалдагчид үгсэн тохиролцож бараа бүтээгдэхүүний үнээ бодит бусаар өсгөх, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт зөрчигдөх, стандартын шаардлага хангахгүй, чанаргүй бараа бүтээгдэхүүн зарж борлуулах зэрэг олон зөрчил дутагдал байгааг хэлсэн байна. Тиймээс хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах салбар нийгэмлэгийг сумдад байгуулах нь зүйтэй гэж үзжээ.

Дашрамд тус сумд хүнсний 20 гаруй дэлгүүр, хүнсний зүйлээр үйлчилдэг 10-аад үйлчилгээний газар байдаг байна.

Завхан Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ