Иргэд 1072 хувьцааны ноогдол ашиг өгөх байх гэсэн хүлээлттэй байна

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-06-19 15:50:23
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Иргэд 1072 хувьцааны ноогдол ашгийг сонгуулийн санал хураалтаас өмнө өгөх байх гэсэн хүлээлттэй байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн жил нэг их наяд төгрөгийн ашигтай ажиллаж, 1072 хувьцаа эзэмшигчиддээ энэ оны тавдугаар сарын нэгнээс эхлэн ногдол ашгаа тараана гэдгээ мэдэгдсэн хэдий ч өнөөдрийг хүртэл ноогдол ашиг өгч эхлээгүй, хэзээ өгөх нь ч тодорхойгүй байна.  

Дундговь аймагт Санар болон Гүүдсек брокер дилерийн хоёр компанийн салбар үйл ажиллагаагаа эрхлэн иргэдэд хувьцааны данс нээх ажлыг зохион байгуулдаг.

Одоогийн байдлаар Монгол Улсын нийт 2,512,768 иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаа гэх судалгаа бий.

Өөрөөр хэлбэл 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүрд Засгийн газрын 216 тоот тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа буюу 1 сая төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг эзэмшүүлсэн бөгөөд түүнээс хойш 2011-2012 онд насны хишиг хувь хүртсэн, оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын шимтгэлд суутгуулсан иргэд өнөөдөр хувьцаагүй байгаа ба 2016 онд “Сайн хувьцаа” хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хувьцааны тоо янз бүр байгаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК ногдол ашгийг хуваарилахдаа нэгж хувьцааг 90 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд 1072 хувьцаатай иргэнд 96 480 төгрөгийн ноогдол ашиг авах ёстой.  

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдээс 856,030 нь үнэт цаасны дансаа өнөөдөр нээлгээгүй, мөн данс нээлгэсэн дийлэнх иргэдийн банкан дахь дансны дугаар зөрүүтэй, эсвэл дансаа холбоогүй байгаа аж.

Иргэдэд хувьцааны ноогдол ашиг тараах тухай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний мэдэгдлээс хойш ҮЦК-иуд ихээхэн ачаалалтай ажиллаж байсан ба харин амалсан хугацаандаа мөнгөө өгөөгүй учраас зургадугаар сард хувьцааны дансаа нээлгэх иргэдийн тоо эрс цөөрсөн байна. 

Холбоотой мэдээ