ОХУ-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-06-21 23:08:55

Завхан/МОНЦАМЭ/.Завханы “Зав-Русь” орос хэлний төвийн суралцагчид ОХУ-ын өдрийг өөрсдийн сурсан мэдсэнээ тайлагнаж тэмдэглэн өнгөрүүлжээ.

Тус төвд суралцдаг хүүхдүүдийн төлөөлөл энэ үеэр орос орны тухай түүх, дуу бүжгээс сонирхуулж орос хэлийг хэрхэн сурсан амжилтын түүхээсээ хуваалцсан байна. Орос улсын өдөрт зориулсан ёслолын үйл ажиллагааг БСУГ-ын дарга С.Ганчимэг нээж: “Ах дүүгийн найрамдалт ОХУ-ыг дэмжиж, харилцаа холбоог хөгжүүлэх, Оросын түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх,орос хэлийг сайн сурахыг сурагчдад зөвлөв”.


Мөн үеэр “Зав-Русь” орос хэлний төвийн захирал Л.Оюунцэцэг: “Манай төв байгуулагдаад гурван жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд нийт 16 сурагч тус төвд орос хэлийг гүнзгийрүүлэн суралцаж уралдаант шалгалтад тэнцэж өнөөдрийн байдлаар ОХУ-ын Их дээд сургуулиудад тус улсын 100 хувийн тэтгэлгээр амжилттай суралцаж байна. Түүнчлэн  сургуулийн өмнөх нас болон 5-12-р  ангийн сурагчдад орос хэлийг гүнзгийрүүлэн сонирхолтой аргаар заадаг бөгөөд олон талт арга хэмжээг зохион байгуулж байна. Гурван жилийн хугацаанд 70 гаруй хүүхэд энэ төвд суралцлаа. Энэ хичээлийн жилд Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн 7-р ангийн сурагчдад зориулан орос хэлний  гүнзгийрүүлсэн дугуйланг долоо хоногт зургаан цагаар хичээллүүлж сурагчдын орос хэл сурах идэвхийг өрнүүллээ. Мөн дугуйлангийн суралцагчдын дунд орос дуу, шүлэг хэн сайн мэдэх вэ? уралдаануудыг байнга зохион байгуулж хүүхдүүдийг урамшуулж байна. Түүнчлэн COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорионы үеэр орос хэлний төвийн сурагчдад зориулан цахим хичээлүүдийг цувралаар маш амжилттай зохион байгууллаа.

Тухайлбал “Маскаа хэрхэн зөв зүүх вэ?”, “”Гараа хэрхэн зөв угаах вэ” зэрэг сэдвээр орос хэлээр видео хичээл бэлдэж олны хүртээл болгосон байгаа” гэв.  

Монгол Улсын хэмжээнд нийт  25 орос хэлний төв байдаг бөгөөд үйл ажиллагаагаараа "Зав-Русь" орос хэлний төв улсад хоёрдугаар байрт шалгарсан амжилттай энэ хичээлийн жилийг дуусгаж байна. Манай төв өргөмжлөл, 1092 ам. долларын орос ном, 300 мянган төгрөгөөр шагнууллаа хэмээн нэмж дуулгав.

Орос хэлийг сурах сонирхолтой бүх насныханд сургалт явуулдаг

Орос хэлний "Зав-Русь" төв нь 2017 онд Оросын Шинжлэх ухааны төвийн салбар болж нээгджээ.

Түүнээс хойш 130 гаруй хүүхэд залуучуудад орос хэлний анхан болон гүнзгийрүүлсэн шатны сургалтыг хийгээд байна. Тус төв нээгдсэнээр оюутан сурагчид болон иргэдийг орос хэлийг өндөр түвшинд сурах боломжийг олгожээ.

Мөн улс, бүсийн орос хэлний олимпиадад суралцагч оюутан, багш нарыг амжилттай бэлтгэн оролцуулж байна. Өнөөдрийн байдлаар орос хэлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 11 суралцагч үнэ төлбөргүй сургалт авч байна. Түүнчлэн жил бүрийн хичээлийн жилд Оросын Соёл Шинжлэх Ухааны төвөөс уламжлал болгон зохиодог баруун бүсийн орос хэлний олимпиад, төрөл бүрийн төлбөртэй сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах. Багш, сурагч солилцоо, багш нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэхэд багш нарыг урьж сургалт явуулах.

Мөн төгсөгчдийн санал хүсэлтэд тулгуурлан тэдгээрийн мэргэжил, сонирхсон чиглэлээр уулзалт, семинар, сургалт, ярилцлага хийх, Монгол-Оросын найрамдлын өдрүүдийг тус тус зохион байгуулах зэрэг шат дараалсан олон талт үйл ажиллагаа зохион байгуулдаг байна. 


Холбоотой мэдээ