"Монголын нууц товчоо" юу, "Алтан дэвтэр" үү?

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2020-06-22 18:54:07

“СИЭ” ТББ “Монголын нууц товчоо”-ны латин галигуудыг шүүн нягтлаж, өнөө хүртэл маргаантай байгаа зарим хуучны үгсийг нь хадан бичиг, 1000 жилийн өмнөх Диван Лугат толийнхтой харьцуулан сэрээж  "Алтан дэвтэр" нэрээр гаргахаар ажиллаж эхэлжээ. Энэ учрыг тус ТББ-ын тэргүүн С.Сэргэлэнгээс тодрууллаа.


-Юуны өмнө, “Монголын нууц товчоо" гэдэг нэр хаанаас гаралтай тухай тодруулмаар байна?


-Мин төрийн Хунньу (1368-1398) тооллын үеэр Мин төрийг байгуулагч Чжу Юаньчжан зарлиг буулган, Судар бичгийн хүрээлэнд монгол хэл зааж байсан  Хуо Юань Жи (火原洁), Ма Уи Жи Хэй (马懿赤黑) гэх хоёр хүнээр Юань төрийн ордоноос хураан авсан чухал номыг ханз үсгээр галиглуулжээ. Монгол үсгийн баруун хэсэгт хань хэлээр орчуулга оруулан,  хэсэг агуулга бүрийн ард ханз үсгээр базсан (ерөнхийлж утгачилсан) орчуулгыг оруулжээ. Үүний дараа монгол бичгээр бичигдсэн эх нь үгүй болжээ. Ханзаар галиглан орчуулж хэвлэн гарсан Мин улсын бар нь л үлдсэн байна. Мингийн эх бар нь Юанлайгийн номын цуглуулгад орж,  өдгөө ийм мэдээлэл манууст (бидэнд) байна.


Юань төрийн ордноос хураасан уг номд “Юань төрийн далд түүх” (元朝秘史) гэх нэрийг Дунд орныхон хожим оноосон. “Сокровенное сказание монголов” буюу “Монголчуудын нууц өгүүлэл” нэрийг уг номд Поппе оноосон. 1941 онд уг номыг орос хэлээр сэрээж, тус номдоо “Сокровенное сказание. Юань чао биши”-“Нууц өгүүлэл. Юань төрийн нууц түүх” гэх нэрийг С.А.Козин өгсөн. 1947 онд С.А.Козины бүтээлийг “Монголын нууц товчоо” нэрээр, Ц.Дамдинсүрэн БНМАУ-д хэвлүүлжээ.


- Уг ордны номын жинхэнэ нэр нь “Нууц товчоо” бус “Алтан дэвтэр” болохыг та хэрхэн нотолж буй вэ?


-Мин төрийн Хунньугийн үеэс 1936 он хүртэл Хуо Юань Жигийн бичин үлдээсэн ханз галигийг латин, кирил үсгээр бүтэн буулгаж чадсангүй. Уг ханзны дуудлагыг латин үсэг рүү буулгахад франц академич П.Пеллио, герман профессор Е.Хэниш, зөвлөлт судлаач П.Кафаров, Ли-Вэн-тяны 1903 оны тайлбар, Дэхой’я 1908 оны нийтлэл, Чен Юань-ий 1934 оны 元朝秘史-Юань чао би ши-ийг галиглахад хэрэглэсэн ханз үсгийн сонголт, Япон судлаач Накагийн 1907 оны ажил, Лувсанданзаны “Алтан товч” гэх олон судлаач бүтээлээрээ хувь нэмэр оруулсныг хэлэх хэрэгтэй. 1936 он гэхэд Зөвлөлт улсын монгол судлаач С.А.Козинд уг бүтээлтэй ажиллах галиг нь бэлэн болжээ.


1941 онд С.А.Козин “Сокровенное сказание. Юань чао биши”-“Нууц өгүүлэл. Юань төрийн нууц түүх” номоо гарган Юань төрийн ордноос хураасан номыг дэлхийн нийтэд таниулсан юм.


Монгол төрийн хаадын ордонд нандигнан хадгалагдах номын нэр нь “Алтан дэвтэр” гэж Рашид ад дин “Судрын чуулган” номдоо өгүүлэхээс гадна Алтан дэвтэр номд орших дөрвөн агууламжийг дурдан өөрийн бичиж буй номонд гарах зарим зүйлийг уг агууламжаар баталжээ. Рашид Бээжинд очоогүй нэгэн, мөн уг номыг уншаагүй нэгэн боловч Перс дэх Ил хаант төрийнхөн уг номыг мэдэхийн дээдээр мэдэж байжээ.


-Тэгэхээр Юань төрийн ордноос хураасан, нэр тодорхойгүй уг ном "Алтан дэвтэр" болохыг батлах баримтаас өгүүлнэ үү?


-За, үүнийг Алтан дэвтэрт орших, Рашидын дурдсан дөрвөн агууламжаар шалгая. Нэгдүгээрт, Хаадын хөмрөгт хадгалагдах Алтан дэвтэрт тайчут овогтон нь Кайту хааны хүү Чаракэ Лингкү-ээс гаралтай гэж тодорхой бичигдсэнийг аугаа ноёд ухан тодруулжээ. Начинаас тайчууд овогтон үүссэн тухай уг номонд ас (эс) дурджээ гэж Рашид өгүүлжээ.


Үүнийг Ордны номын 47-р хэсэгт “Чарагай Лингуийн коун Сэнгкүн билгэ, Амбагай тан тайчуд овогтон болба” гэжээ. Уг эх сурвалжид Начин баатарыг тайчууд овогтонтой холбосонгүй. Алтан дэвтэрт орших уг агууламж Ордны номонд орших агууламжтай таарч байна.


Хоёрдугаарт, Алтан дэвтэрт тайчууд овогтон нь Чаракэ Лингкү-ий ургаас үүсэлтэй, Чаракэ Лингкү нь Кайту-ийн хүү, Кайту нь Дутум Мэнэнгийн ач гэж оржээ гэж Рашид өгүүлжээ. Кайту-г Жалайр овогтноос суллахад Начин тусалжээ гэж уг эх сурвалжид бичжээ гэж Рашид өгүүлжээ.


Үүнийг Ордны номын 45-р хэсэгт “Кабчи баатарын коун Мэнэн Тутун бүлээ. Мэнэн Тутунну коун Кач хөлөг...бүлээ” гэж бичжээ.


Ордны номын 46-р хэсэгт “Кач хөлөкүн коун Кайту, Номолун экэстэсэ төрөрксөн бүлээ”гээн бичжээ. Ордны номын 47-р хэсэгт “Кайту-ын коут Байшингор тогшин, Чаракай Лингкү, Чавчин Өртэкэй гурбан бүлээ” гэж бичжээ.


Дүгнэлт нь: Дутум Мэнэнгийн коун Кач хөлөг, Кач хөлөгийн коун Кайту, Кайтуийн коун нь Чарагай лингкү гэж уг номонд орсон нь Рашид Кайту-ын ач нь Чаракэ лингкү гэсэнтэй таарч байна. Начин баатар нь Кайтугийн өвөг Кач хөлөгийн төрсөн дүү болно. Харин уг сурвалжид Кайту-г Жалайр овгоос Начин баатар суллахад тусалсан тухай эс оржээ. Уг номонд Өгөдэй хаан хожим засвар оруулсны учир уг хэсэг үгүй болох магадал өндөр. СИЭ ТББ хожим аль хэсэгт ямар өөрчлөлт орсон тухай өгүүлнэ.


Гуравт: Чингис хаан балчир насандаа эцгээсээ өнчрөх үед түүний зарим иргэн, цэргүүд түүнийг орхин тайчуудыг дагасан тухай Алтан дэвтэрт бичигдсэн гэж Рашид өгүүлжээ.


Үүнийг, Ордны номын 73, 74-р хэсэгт зарим иргэд тайчуудын хойноос нүүсэн тухай өгүүлжээ. Ордны номын 81-р хэсэгт Бэхтэрийг Тэмүүжин алсны улмаас тайчууд үлдсэн зарим иргэдийг нь хураасан үйлийг “улус иргэн түрийн засаглажу” гэж бичжээ.


Дүгнэлт нь, Юань төрийн ордноос Мин төрийг үүсгэн байгуулагч нарын хураасан нэр нь тодроогүй уг номд өгүүлж бүй зүйл Рашидын Алтан дэвтэрт байгаа гэх зүйлтэй таарч байна.


Дөрөвт, Төв, баруун, зүүн жигүүр нь түүний дөрөв дэх хүү Экэ ноён хэмээх Тулуй хаанд өвлөгджээ. Түүний бусад хүүд, ахан дүүс, эхэд хувиарлагдсан өв нь тэдний мэдэлд үлджээ. Бидний судалгаагаар, мөн “Алтан дафтар”-т орсон баримтаас үлүг цаг хугацаа өнгөрсний улмаас, газар байршлын холын улмаас олон зүйлс мэдэгдэхгүй байгаа ч түүнд 120,000 хүн өгчээ гэж Рашид бичжээ.


Ордны номын 242-р хэсэгт: “Толуйа табун (таван) мянгат иркэ өгпе” гэж оржээ.


Дүгнэлт нь, Агууламж дөрвийн зөрүү нь хоёр номын зөрүү биш Тулуйн хойч Газан хааны улс төрийн бодлогод оршино. Өтүгэнээс Чингис хааны хойч, хамгийн том Тулуй хааны үрс перс, арабын ертөнцөд ирж төр барьж буйг перс, арабын ертөнцөд батлах, хаадын алдар нэрийг өргөх зорилгоор Судрын чуулган номыг Газан хаан Рашидад даалгав. 5,000 иргэн гэдэг нь хүн ам ихтэй перс, арабын ертөнцөд сонсогдохгүй тоо учир 120,000 гэж Рашидаар засуулжээ. Мөн Тулуй-д Их монгол улсын төв, баруун, зүүн жигүүрийг өвлүүлжээ гэдэг нь ном хоорондын зөрүү биш Чингис хааны жирийн хөвүүний үрс биш, хамгийн хайртай хөвүүний үрс гэдгээ Газан хаан Рашидаар бичүүлжээ. Ил хаант улс, Юань улсын харилцаа алсарч байсан үед XIV зууны эхэн үе орно. Энэ үед Судрын чуулган ном хэвлэгджээ. Судрын чуулган нь перс хэл дээр, Ил хаант улсын хүн амд зориулагдсан бүтээл болно.


Энэ бүхнээс дүгнэхэд Рашидын өгүүлсэн "Алтан дэвтэр" ном нь Мин төрийн ханзаар буулгасан, Юань төрийн ордноос хураагдсан номын эх болох нь батлагдаж байна.


-Мөн хожим өгсөн “Юань төрийн нууц түүх” гэдэг нэр нь уг номын нэр байж яагаад таарахгүй гэж та үзсэн бэ?


-
Юань-ши (元史)-Юань төрийн түүхийг судлаач болгон мэднэ. Юань төр нь 1271–1368 хооронд оршжээ. Юань төрийн түүхэнд Юань төрийн анхны хаанаас эхлээд сүүлийн хааны түүх цөм орсноос гадна Хубилай хааны дээдсийг өгүүлжээ. Юань ши буюу Юань төрийн түүх нь Юань төрийг барьж байсан хаадын түүх.


Дунд орныхны “Юань төрийн нууц түүх” (元朝秘史) гэж хожим нэрийдсэн номд Юань гэх үг эс оржээ. Уг Ордны ном бичигдэн дуусах үед Гүег нь хаан болох эсэх, Мөнх нь хаан болох эсэх, мөн Юань гэх гүрний сураг үгүй үе байжээ. Тийм учир Юань төр (元朝) гэх нэр тодотгол нь БНМАУ гэх нэр тодотголтой ижил уг номд таарахгүй.


Гурав дахь ханз нь “нууц” гэх үг оржээ. Нууц гэх үг нь ийм зүй тогтолтой: нуу нь үйл үг, үндэс, “аливаа юм, үйлийн оршиж буй эсэх нь далд, оршиж буй бол байршлын далд байлгах гэх утга агуулна;+ц үйл үгнээс нэр үг үүсгэгч. Тэгэхээр Рашидын өгүүлснээр “Алтан дэвтэр”-ийг хааны хөмрөгт хадгалж байгааг хүн болгон мэддэг. “Алтан дэвтэр”-ийг зохих хүрээний хүмүүс үздэг байжээ. Ийм учир нууц гэх тодотгол уг номд огт таарахгүй. Ийм нэршлийг XIII зуунд хэн ч сонсож байсангүй.


-Тэгэхээр “Монголчуудын нууц өгүүлэл” гэдэг нь манай умард хөршийнхний өгсөн нэр байх уу?


-Нууц гэх ухагдахууныг Поппе энэ ханзнаас механикаар авчээ. Нууц гэх үг уг номын нэрэнд тохирохгүй тухай дээр өгүүлсэн. Монголчууд гэх нэр монгол төрийн доор орших бүх овогтонд хамаарна. Овогтон болгон өөрийн дээдэстэй. Тэмүүжин Их улсын хаан болсон болохоос Их улс дотор орших олон овогтны дээдэс болоогүй, ийм боломж хэнд ч байхгүй. Поппе-ийн нэршил утга зүйн хувьд таарахгүй, ийм нэршлийг XIII зуунд хэн ч сонсож байсангүй.


“Монголын нууц товчоо” гэж Ц.Дамдинсүрэний Ордоны номд оноосон нэр гэдгийг тодотгон өгүүлэхийн урьд, түүний үйлийн тухай эх сурвалж судлаачийн хувьд хэдэн үг хэлмээр байна.


Нэгт, Ц.Дамдинсүрэн ордны номын эх галиг дээр огт ажиллаагүй гэдгийг СИЭ ТББ далай шиг арвин баримтаар батална. Хоёрт, Ц.Дамдинсүрэн С.А.Козины ажлыг л хүн хэлнээ /монгол хэлнээ сурв/ хөрвүүлсэн тухай баримт, нотолгоог та бүхэндээ хүргэнэ. “Монголын нууц товчоо” гэх ном нь Ц.Дамдинсүрэнгийн оюуны бүтээл гэвэл үнэнд нийцэхгүй. С.А.Козин өөрийн хүч чадлаар Ордны номыг дэлхий нийтийн хүртээл болгожээ. Ц.Дамдинсүрэн бол орчуулагч.


Монголын гэх үг Монгол төр гэх ухагдахууныг агуулна. Монгол төр нь 1206-1271 оныг хамаарна. Ордны ном 1240 онд бичигдэн дуусжээ. Монголын буюу Монгол төрийн гэх утга доор Их Монгол Улсын төрийг барьж байсан бүх хаан орох ёстой. Ордны номд хожмын нэмэлт засвар орсонгүй бол зөвхөн Чингис хааны тухай ном байх байжээ.


Монголын нууц товчоо гэх нэр Ордны номд таарахгүй. Учир нь бичиж үлдээсэн зүйлийг хэзээ ч товчоо гэж өгүүлэхгүй. Товчоо гэх үгэнд богиносгох, хумих, жижигрүүлэх гэх утга үгүй. Товч шилбийн товч нь дуудлага ойролцоо боловч өөр утга агуулна. Монголын нууц товчоо гэх нэрийг XIII зуунд хэн ч сонсож байсангүй.


Алтан товчийг ЗХУ-ын судлаачид Ордны номын хажуугийн (хань хэлний) орчуулга дээр нь Буддын шашны нэмэлт оруулжээ гэж үздэг юм байна. ЗХУ-ын судлаачдын дүгнэлт нь мануусын хувьд дэд сурвалж болно. Алтан дэвтрээ бүрэн сэрээсний дараа "СИЭ" ТББ Алтан товчийг Алтан дэвтэртэй харьцуулан судална. Үүний дараа бид үгээ хэлнэ.



"СИЭ" ТББ энэ оны 10 дугаар сарын нэгний дотор Алтан дэвтэр номыг бүрэн эхээр нь сэрээхээр ажиллаж байна. Алтан дэвтрийг үгүй болсон, өвлөгдөж ирээгүй гэж бодож байсан нь ташаа дүгнэлт байжээ. Бид Алтан дэвтэр номоо танилгүй Монголын нууц товчоо гэсээр өдий хүрсэн.


Холбоотой мэдээ