Маргаашаас эхлэн гурван өдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, УИХ-ын 2020 оны сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-25-ныг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдөр гарчээ. Захирамжид энэ сарын 24-нд буюу сонгуулийн санал авах өдөр соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан ажиллагаа зохион байгуулахгүй байхыг холбогдох албаныханд даалгажээ. Гадаа болон битүү талбайд ажилладаг худалдаа, үйлчилгээний төвийг тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 24-ний өдөрт шилжүүлэн зохион байгуулахыг аж ахуйн нэгж, байгууллагад мэдэгдсэн байна.
Энэ сарын 26-наас эхлэн 22 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчилж буй аж ахуйн нэгжүүдийн цагийн хуваарийг шөнийн 00.00 цаг болгон сунгажээ. Энэ талаар нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн хэлэхдээ, “Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглосон өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хянана. Энэ сарын 15-ны байдлаар, цагдаагийн байгууллагад согтуугаар үйлдэж буй 70 мянга орчим дуудлага ирсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 12 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Нийслэлийн Засаг дарга өмнө нь архи согтууруулах ундаа худалдах, үйлчлэхийг хориглосон захирамж гаргасан. Тухайн үед 70 гаруй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалж холбогдох арга хэмжээг авсан. Тиймээс энэ удаагийн захирамжийн хүрээнд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгжүүд болон иргэд гар дээрээс архи согтууруулах ундаа худалдаж, хууль тогтоомж зөрчихгүй байхыг хүсэж байна” гэв.
Дээрх захирамжийн хүрээнд НМХГ-ын газрын даргын тушаал гарч, хороо дүүрэг бүрт улсын байцаагч нар хяналт тавих аж. Зөрчил гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авч тусгай зөвшөөрлийг цуцална хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдэгдлээ. Энэ сарын 26-наас цагийн хуваарь нь сунгагдсан аж ахуйн нэгжид цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа эсэхийг хянах аж.