Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойргийн 8 дугаар хэсгийн хороо буюу Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн байранд очиж, саналаа өглөө.
Тэрээр саналаа өгснийхөө дараа сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, "Ардчилсан Монгол Улс хэмээн дэлхий даяар зарласнаас хойш 30 жил өнгөрлөө. Энэ хугацаанд монголчууд олон зам туулж, алдаж оносон. Энэхүү сонгуульд залуусаа идэвхтэй оролцохыг уриалж байна. 17.00 цагийн байдлаар, сонгогчдын ирц улсын хэмжээнд 40 гаруй хувь, нийслэлд 50 гаруй хувьтай байна. Санал авах хугацаа 22.00 цагт дуусна. Залуустаа хандан хэлэхэд, эх орны хөгжилд та бүхний санал хамгийн чухал. Бид дэлгүүрээс бараа худалдаж авахдаа гарал үүсэл, үйлдвэрлэсэн хугацааг нь хардаг. Тэгвэл УИХ буюу ард түмний бага хуралд суух төлөөллөө сонгохдоо цензуртэй хандахыг зөвлөж байна" хэмээв.
Мөн тэрээр, санал худалдаж авах гэсэн үйлдэл ямар ч сонгуулийн үед гарч байсныг сануулаад, уул уурхайн бизнес эрхэлдэг гэмт хэрэг үйлдсэн хүмүүс УИХ-д толгой хорогдох байдал сүүлийн үед ажиглагдаж байгааг тэмдэглэв. Тэрээр, "Дэлхий дахиныг хамарсан цар тахалтай холбоотой эдийн засгийн асуудал эмзэг байгааг хэн бүхэн мэдэж байгаа. Монгол Улсын эдийн засаг төрөлжөөгүй, хэдхэн төрлийн экспортод тулгуурладаг. Тиймээс энэ удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ, Засгийн газартай хамтран маш яаралтай эдийн засгаа сэргээн босгох, ард түмнээ ядуурлаас гаргах чиглэлд ажиллана" хэмээв.