Шилдэг 9 төгсөгчийн цом, батламжийг гардуулав

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-07-03 16:30:16

Төв  /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуульд суралцах хугацаандаа сурлага хөдөлмөр, урлаг спортын өндөр амжилт гаргасан 12 дугаар ангийн 9 төгсөгчийг шалгаруулж аймгийн Засаг даргын нэрэмжит "Шилдэг төгсөгч" цом, батламжаар шагнаж урамшуулдаг уламжлалтай. Ийнхүү энэ жилийн 9 шилдэг төгсөгчид ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг шагналыг гардууллаа.

Энэ жилийн "Шилдэг төгсөгч-9" төгсөгчөөр Батсүмбэр сумын ЕБС-ийн 12А ангийн сурагч Б.Баярбат, Жаргалант сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч А.Мөнхгэрэл, Баянчандмань сумын ЕБС-ийн 12А ангийн сурагч Ш.Ганболд, Угтаалцайдам сумын ЕБС-ийн 12А ангийн сурагч Ц.Тэргэл, Баянцогт сумын ЕБС-ийн 12А ангийн сурагч Д.Нарандулам,  Заамар сумын ЕБС-ийн 12А ангийн сурагч М.Должинмаа, Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 12Б ангийн сурагч Б.Баасансугар нар  суралцах хугацаандаа А үнэлгээтэй, төгсөх ангийн бүх хичээл 98-100 хувь үнэлэгдсэн байна.

Харин Эрдэнэ сумын ЕБС-ийн 12А ангийн сурагч О.Одбилэг нь Тэшүүрийн төрлөөр Монголын бүх ард түмний 15-р спартикиадын хошой алт, уулын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, Монголын Хүүхдийн спортын VI наадмаас дугуйн төрлөөр хошой мөнгө медаль хүртсэн тэшүүрийн спортын мастер, дугуйн спортын мастер цолтой тамирчин юм. Мөн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн 12Г ангийн сурагч Д.Төмөрчөдөр нь Ази тивийн АШТ-ний мөнгө, хүрэл, УАШТ-нээс 9 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж 6 төрөлд рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон. Монголын пауэрлифтингийн холбооны 2019 оны шилдэг залуу тамирчнаар шалгарсан бөгөөд Пауэрлифтингийн спортын мастер цолтой, Монгол Улсын 12 удаагийн аварга тамирчин, Монголын хүүхдийн спортын VI их наадмын олс таталтын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.

  

Холбоотой мэдээ