БНХАУ есөн шинэ мэргэжлийг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-07-07 11:49:58

БЭЭЖИН. /Xinhua/. Эдийн засаг, нийгмийн хөгжилтэй зэрэгцэн бий болж буй есөн шинэ мэргэжлийг БНХАУ-ын Хүний нөөцийн удирдах газар цахим хуудсаараа танилцуулсан байна.


“Шинэ мэргэжлүүдийн дийлэнх нь олон нийтийн эрүүл мэндийн салбар болон хөгжиж буй аж үйлдвэртэй холбоотой бөгөөд тэдгээрт блокчейн техникч, цахим маркетер, мэдээллийн аюулгүй байдлыг шалгагч, цахим сургалтын зөвлөх, эмнэлгийн туслах ажилтан зэрэг багтсан” гэж Хүний нөөц, нийгмийн аюулгүй байдлын яам болон бусад албаны хамтарсан мэдэгдэлд тэмдэглэжээ.


Мөн шууд дамжуулалтын худалдагч гэх мэт таван шинэ төрлийн мэргэжлийг танилцуулснаас гадна олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоо бүхий гурван ажлыг мэргэжлийн түвшинд хүргэж ангилал ахиулсан байна. Олон нийтийн эрүүл мэндийн салбар, цахим бизнес болон үйлчилгээний эрэлттэй нийцүүлэх, коллежийн төгсөгчид, ядуу ажилчид, хөдөөний цагаач ажилчдыг ажлын байраар хангах зорилгоор шинэ мэргэжлүүдийг танилцуулжээ. 


Мэргэжилтнүүд холбогдох стандарт, дүрэм журамд тулгуурлан есөн шинэ мэргэжлийг нарийвчлан сонгожээ. БНХАУ 2015 онд ажил мэргэжлийн ангиллын сүүлийн номыг гаргаснаасаа хойш ажил мэргэжлийн жагсаалтад шинэ мэргэжлүүдийг гурав дахь удаагаа нэмж буй нь энэ юм.


БНХАУ 1999 онд ажил мэргэжлийн ангиллын анхны лавлах номыг хэвлэн гаргаж байсан бөгөөд үүнд 1838 мэргэжил орсон байна. Лавлах номд 2010 оноос шинэ мэргэжлүүдийг нэмж эхэлсэн бөгөөд номын сүүлийн хувилбар 2015 онд хэвлэгдсэнээс хойш 2019 оны дөрөвдүгээрт сард, 2020 оны гуравдугаар сард тус тус 13, 16 мэргэжлийг жагсаалтад шинээр оруулжээ. 

Холбоотой мэдээ