Дундговь аймагт ажлын байр нэмэгдүүлэх шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-07-10 18:36:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст энэ оны эхний хагас жилийн байдлаар идэвхтэй ажил хайгч 441 иргэн бүртгэлтэй байна.

Энэ хугацаанд 252 иргэн ажилд зуучлуулж, 55 иргэн байнгын, 195 иргэн түр, хоёр иргэн улирлын чанартай ажилд орсон байна. 34 иргэн шинээр ажилд оржээ.

Дундговь аймаг нийт 46 437 мянган хүн амтай. Тэдний 66.8 хувь нь буюу 31.0 мянган хүн хөдөлмөрийн насных. Хөдөлмөрийн насны иргэдийн 34,8 хувь нь малчид байгаа юм.

Аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр тавдугаар сарын байдлаар 9 225 хүн нийгмийн даатгалд шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгүүлсний 2 014 хүн буюу 21.8 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагаас, 3 809 хүн буюу 41.3 хувь нь төсөвт байгууллагаас 3 402 хүн буюу 36.8 хувь нь сайн дураар шимтгэл төлжээ.

Өөрөөр хэлбэл ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн дийлэнх нь төрийн байгууллагад ажиллаж байгаагаас үзвэл тус аймагт ажлын байр хангалтгүй байгаа дүр зураг харагдаж байна.

Дээрх тоон үзүүлэлтээс харахад хөдөлмөрийн насны иргэдийн 20,0 гаруй мянган хүн нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй юм уу гэсэн асуулт гарч ирнэ. ХХҮГ-аас гаргасан судалгаанаас харахад тавдугаар сарын байдлаар нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаг 16 109 иргэн байгаа нь нийт хүн амын 34.6 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 52 хувийг эзэлж байна.

Тэтгэвэр тэтгэмж авагч дээрх иргэдийн 21 хувийг 0-3 насны хүүхдээ асарч буй эхчүүд болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх, жирэмсэн эмэгтэйчүүд, 10.7 хувийг нийгмийн халамжийн тэтгэмж авагч, 4.8 хувийг халамжийн тэтгэвэр авагч эзэлж байгаа ба 1.3 хувь буюу 207 иргэн бусад төрлийн тусламж үйлчилгээнд хамрагджээ.

Мөн 27.5 хувь буюу 4464 иргэн алдарт эхийн одонгийн мөнгөн тусламжид, 15.5 хувь буюу 2495 иргэн насны хишиг, 18.9 хувь буюу 3051 иргэн хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд тус тус хамрагдсан байна. 

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад аж ахуй нэгж байгууллага болон төсөвт байгууллагын даатгуулагчийн тоо нэмэгдсэн бол сайн дурын даатгуулагчийн тоо буурсан байна.

Дээрх олон тоон үзүүлэлтийг дурдахын учир нь Дундговь аймгийн хэмжээнд ажлын байр хангалтгүй, халамж авагчдын тоо олон, хөдөлмөрийн насны хүн амын тун цөөхөн хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг ч дийлэнх нь төрийн байгууллагад ажилладаг дүр зураг харагдаж байна.

Сар бүр Статистикийн хэлтсээс аймгийн эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүдийг тоогоор илэрхийлэн гаргадаг хэдий ч энэ тоон үзүүлэлтүүд дээрээ дүгнэлт хийж, ирээдүйгээ төлөвлөдөг байдал аймгийн аль ч байгууллагад одоогоор байхгүй байна.

Тиймээс өнөөгийн нөхцөл байдлаа зөв тодорхойлж, хэтийн бодлого, төлөвлөлтөө хийх нь орон нутгийн хөгжилд тун чухал аж. 

Холбоотой мэдээ