Улсын наадмын шагайн харваанд 92 багийн 756 харваач цэцээ сорихоор иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-07-11 20:20:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваа өнөөдөр эхэлж 92 багаас 16 баг тунаж үлдээд байна.


Энэ жилийн шагайн харваанд 92 багийн нийт 756 харваач цэц мэргэнээ сорьсон байна. Шилдэг 16 багийн 128 харваачид хэсгийн аваргын төлөө өрсөлдөж маргааш шилдэг 8 баг үлдэж аваргын төлөө цэц мэргэнээ сорино"  хэмээн Үндэсний шагайн харваан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга А.Энхжаргал хэллээ.



Ташрамд сонирхуулахад, шагайн харваа 2001 оноос эхлэн үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж албан ёсны дүрэмтэй болжээ. Зурхайнаас 9 тохой буюу 4.72 метр зайнаас харвадаг. Зурхайн голд байх хасааг онох бөгөөд харвах хэрэгслийг хашлага, сум гэнэ. Хашлаган дээр сумаа тавьж байгаад нясалж харвана. Анх далны ясан дээрээс шагай нясалдаг байжээ. Эдүгээ хашлагыг хар сэндэм, цагаан зандан модоор хийж, сумыг яшил, хар суман мод, эсвэл бугын эвэр, зааны ясаар хийнэ. Харваачдын баг 7 гишүүнтэй бөгөөд зургаа нь харвана. Эсрэг багтай 80 минут орчим тоглодог бөгөөд багууд тойргоор өрсөлдөхөд өдөрт 10 цагийн турш сууж тоглох шаардлагатай болдог. Харваачид харваж дуусаад нутаг буцахдаа дэвжээгээ нар зөв тойрон уухайлж буцдаг.



Шагайн харвааны үеэр уухайлдаг бөгөөд өөрийн талын аялгуулах уухайнд харваачдын цэц нэмэгддэг бол эсрэг багийн огцом, хүчтэй уухайнд барьц алддаг. Уухай нь төв халхын уухай, дөрвөд далай ханы, баяд урианхайн боржигон уухай гэж нутаг оронд өөр өөр байдаг бөгөөд наадмын үеэр голдуу Төв Халхын боржигон уухайгаар наадах болжээ. Уухай нь морины цол, гийнгоо, сурын уухайтай тун төстэй бөгөөд өөрийн талын харваачаа дэмжин цоллож урам өгч байгаа юм.



Шагай харвадаг хүн ямар нэгэн зүйлд нухацтай хандах, зөв шийдвэр гаргах, хүлээцтэй байх зэрэг чадвар эзэмшдэг бөгөөд түүнд байх ёстой зайлшгүй чанар бол тэвчээр, мэдрэмж хоёр ажээ. Өчүүхэн төдий эвгүй сууж, бага зэрэг гар хөлөрсөн үед тавьсан сум хясаагаа онохгүй. Мөн өрсөлдөгчийн уухайнд автвал бас л амжилтгүй болдог. Сум тавихаас өмнө харваач өрсөлдөгчийнхөө харц гэх мэт аар саар бэрхшээлийг мартах учиртай. Зурхай буюу өрөг хүртэлх орон зайг тооцоолж, биеийн тэнцвэрээ хангаж, хурууны эвслээ олсон байх учиртай ажээ.

Холбоотой мэдээ