“Nissan Motor” компани "Mitsubishi"-гийн хувьцааг авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-13 11:00:49

ТОКИО. /NHK/. “Nissan Motor” компани дуулиант мэдээллийн бай болоод байгаа “Mitsubishi Motors” компанийн хувьцааг худалдан авахаар төлөвлөж байна.

“Mitsubishi” компанийн 34 хувийг 2.2 тэрбум доллароор худалдан авна гэж “Nissan Motor” компанийн удирдлага мэдэгджээ. Ингэснээр Ниссан компани “Mitsubishi” компанийн хувьцааны хяналтын багцыг гартаа оруулж, хамгийн том хувьцаа эзэмшигч болох юм.

Одоо Ниссан компанийн эзэмших хувьцааны хэмжээ нь “Mitsubishi” группын гурван компанийн хувьцааг нийлүүлснээр их болж байна. Тус хоёр компани энэ сарын 25 гэхэд түншлэлийн төлөвлөгөө гаргахаар тохиролцоод ажиллаж байгаа аж.

Автомашин үйлдвэрлэгч тус хоёр компани суудлын тэрэг үйлдвэрлэх зорилгоор таван жилийн өмнө хамтарсан компани байгуулсан байна. Гэвч “Mitsubishi” компанийн удирдах хүмүүс дөрвөн автомашиныхаа түлшний зарцуулалтын талаар зөрүүтэй худал мэдээлэл өгснөө хүлээн зөвшөөрсөн нь дуулиан дэгдээсэн юм. Энэ дуулианы улмаас тус компанийн дотоод дахь борлуулалт буурчээ.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ