Коронавирусний уураг агуулсан вакцин дархлаа тогтоход үр дүнтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-15 12:25:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний уургийн тогтворжсон хэлбэрийг агуулсан РНХ-д суурилсан MRNA-1273 вакцины туршилтад хамрагдсан хүмүүст дархлаа тогтжээ. Энэ талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. 


Тус вакциныг АНУ-ын Харшил халдварт өвчин судлалын үндэсний төв болон “Moderna” компани хамтран бүтээсэн бөгөөд вакцины үр дүнтэй холбоотой албан ёсны мэдээг “New England journal of medicine” сэтгүүлд хэвлүүлжээ.  


АНУ-д  өнгөрсөн 24 цагт шинэ төрлийн короновирусний 58 мянга 800  шинэ тохиолдол бүртгэгдэж, 351 хүн нас баржээ. Ийн тус улсад нийт халдвар авсан хүн тоо 3 сая 335 мянга болсон байна. Бразил улсад 41 мянга 800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 1300 хүн нас барснаар тус улсад халдвар авсан хүний тоо 1 сая 926 мянга гаруй болж, 1.2 сая хүн эдгэрсэн байна. 


Австралид өнгөрсөн 24 цагийн дотор 44 мянга гаруй сорьцод шинжилгээ хийсэн бөгөөд  284 шинэ тохиолдол илэрчээ. Коронавирусээр халдварласан хүмүүсийн 270 нь Викториа мужийн иргэн юм. 


Япон улсад өнгөрсөн 24 цагийн дотор 333 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээрийн 143 нь Токио хотын иргэн байжээ. Нийслэл хотод халдвар нэмэгдэж байгаа учир эсрдэлийн зэргийг 4 дүгээр шат руу ахиулсан аж. БНСУ-д  39 шинэ тохиолдол бүртгэгдсэний 28 нь зөөвөрлөгдсөн иржээ. Сүүлийн сар гаруй хугацаанд зөөвөрлөгдсөн тохиолдол буурахгүй байгаа учир эрсдэл бүхий улсаас ирэх зорчигчдоос шинжилгээний бичиг шаардаж байгаа юм. 


И.Даваадорж

Холбоотой мэдээ