Эрдмийн их хүмүүн Зава Дамдины гэр музей Дундговьд бий

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-07-20 17:11:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монголын шашин, соёл, Шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, бурхан шашны гүн ухаантан, их түүхч, Монголын судар бичгийн хүрээлэнгийн анхны гишүүн, гавж Зава Дамдины зохиол бүтээлийн дээж, эдлэл, хэрэглэл бүхий гэр музей Дундговь аймгийн Музейд бий.

Энэ гэр музей Монголчуудын бурхан шашны соёлын өв сан, соёл, түүхэн уламжлал, оюун санаа, сэтгэлгээний өөрчлөлт, тухайн цаг үеийн эрдэмтэн хүний түүх, амьдрал ахуйг таниулдаг төдийгүй, монголын их өв соёлын дурсгал гэдгээрээ онцлогтой юм.

Их, бага арван ухаанд мэргэшсэн, их бандида Зава Дамдин халхын Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны Дарцагт уулын өвөрт Цагаан хад хэмээх газар буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Дарцагт уулын энгэр, цагаан хаданд 1867 онд малчин ард Шагдарын дөрөв дэх хүү болж мэндэлсэн гэдэг.

1869 онд буюу гурван нас сүүдэртэйгээсээ авга ах болох Лувсанжамба багшийн дэргэд өөрөө очиж суусан ба тэндээ уншиж, бичих, орчуулах, зурхай болон цээжлэх ухаанд суралцан таван нас хүрэхдээ хүрээний бүх хурлын уншлагыг гүйцэд уншиж чаддаг болжээ.

1873 онд Цахиуртын жасын хийдэд суун тахил, балин, бүрээ бишгүүр, ая дан, унзад ба хурлыг удирдах их үйлд суралцаж, 1879 онд буюу 13 насандаа агуу мэргэн багш Лувсанбалдансанжаажаваар заалган дээд Богд нарын намтар болон ''Оюун судлахуй'' тэргүүтэй олон номыг сонсож судалсан гэдэг. Энэ үед гэнэн хийгээд равжүн сахил хүртэж байжээ.

1881 онд Да хүрээнд ирж Лосалин Чойр буюу Банчэн Сономдагвын сургалттай Гунгаа Чойлин дацанд шавилан Чойрын гүн ухаан болон судар, дандрын агуу хийгээд гүн номлолд суралцсан аж.

1904 онд 13 дугаар Далай лам Түвдэнжамцыг Хүрээнд морилох үеэр бараалхан номын авшиг хүртэж, хойтон жил нь Гавжийн дамжаа барьж байжээ.

Тэрээр 1906 он хүртэл Утай, Бээжингээр явж, эрдмээ зузаатган 1918 онд Дэлгэрийн Чойрын хийдийг байгуулж, үлдсэн амьдралаа тэнд өнгөрүүлсэн байна.

Шагдарын Дамдин гэгч энэ гүн ухаантан бурхан болохын зам мөрийг шүүн барьдаг гүн ухааны дотоод сургаалын таван үндсийг нэвтэрхий мэдсэн тул “Зава” хэмээх алдар хүртсэн гэдэг. Тэрээр Чойрын гүн ухааны чиглэлээр 16 боть сүмбүм зохион үлдээж, “Хорчойнжун” хэмээх түүхийн зохиолыг төвд хэлээр бичсэнээрээ Монгол Улсын хүний хөгжлийн түүхэнд чухал хувь нэмрээ оруулсанд зүй ёсоор тооцогддог хүн юм.

Түүний зохиол бүтээл, эдлэл, хэрэглэл, хадгалагдаж үлдсэнийг Дэлгэрийн Чойрт 1996 онд эмхэтгэн гэр музей байгуулж, 1997 онд түүний 130 жилийн ойгоор аймгийн Музейд шилжүүлсэн байна.

Зава Дамдин бол Ардын засаг төрдөө үнэнч шударга байсан цөөн тооны томоохон лам нарын нэг байсан бөгөөд автономит Засгийн газраас санаачилсан “Зарлигаар тогтоосон шастирууд” хэмээх 11 дэвтэр номын гол зохиогч нь байжээ. Мөн Монгол Улсын Судар бичгийн хүрээлэнгийн сул сурвалжлагч гишүүнээр сонгогдож байсан байна.

Бичгийн Их хүмүүн тэрээр 16 боть ном бичсэнээс түүхийн холбогдолтой нэлээд тооны ном байдаг. 1921 оны Ардын хувьсгалын дараагаар эх орныхоо түүхийг судалж, өөрийн том зохиол болох “сэр-ги дэп-тэо”, “Алтан дэвтэр”-ийг амжилттай бичиж дуусгажээ.

Зава Дамдин уг зохиолыг 1919 онд эхэлж, дунд нь нэлээд хугацаагаар завсарласан хийгээд 1931 онд бүрэн дуусгасан байна. Энэхүү том бүтээлээ туурвиж дууссанаас хойш зургаан жилийн дараа тэрээр бурхны орондоо заларсан түүхтэй.

“Алтан дэвтэр” номд орчин цагийн түүхийн ухааны мэдээ, баримтууд орсон ба таван бүлэгтэй, төвд, монгол хэлээр хэвлэгдэн гарч байсан нь монголын тулгуур бичгүүдээс онцлог, давуу талтай хэмээн судлаачид дүгнэдэг.

Оросын их эрдэмтэн судлаач Ф.Щербатской болон түүний шавь М.Тубянский, Монголын эрдэмтэн, доктор Ж.Цэвээн  нартай маш дотно харилцаатай байсан ба эрдэм, ажлын нягт харилцаа холбоотой байсан нь түүний судалгаа, шинжилгээ, эрдмийн ажилд сайнаар нөлөөлсөн гэж үздэг.

Зава Дамдин 1918 онд Минжүүр Дорж Чан тэргүүтэй багш нарынхаа зарлигаар Дэлгэрийн Чойрын хийд буюу Даш Чойнжирлин хийдийг байгуулсан нь эдүгээ түүх, соёлын давтагдашгүй өв соёлыг хадгалан үйл хэргийг нь үргэлжлүүлж байна.

Монголын их эрдэмтэн түүхч, гүн ухаантан Зава Дамдины хойд дүр Лувсандаржаа (Зава Дамдин рэмбүчи) 2003 онд Догшин Цамба буюу Сэтав чойжонгийн лүндэнгээр Зава Дамдин ламын хойд дүрээр тодорч, Амарбаясгалант хийдэд хувилгаан ламын ширээнд залагдаж, 2005 оноос урьд дүрийн ламын байгуулсан Дэлгэрийн Чойрын хийдэд хэсэг шавь нарынхаа хамт ирж, хуучин сүм дуганыг сэргээн засаж, шинээр нэмж барин тус хийдэд суурьшсан юм. 

Холбоотой мэдээ