Хүүхдийн шударга байдлын судалгаанд 1329 хүүхэд оролцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-13 15:05:37

Авлигатай тэмцэх газраас “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-г 6 дахь удаагаа зохион байгуулж, дүнг өнөөдөр танилцууллаа. Энэ удаагийн судалгааг тусгай програм ашиглан цахим хэлбэрээр, 21 аймаг, 9 дүүргийн 7-11 дүгээр ангийн 1329 сурагчийг хамруулсан байна.

Хүүхдийг шударга бус хандлагаас нь урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын чиглэлийг тогтоох зорилготой уг судалгаагаар хүүхдийн шударга байдал 3.99 гэсэн дүнтэй гарчээ. Судалгааны дүнгээс харахад хүүхдүүд авлигын талаар ойлголт муутай, зөв, бурууг ялгаж чадахгүйгээс шударга бус зүйлийг дэмжих, сургууль, эцэг, эхийн зүгээс гаргаж буй шударга бус хандлага, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлгийн бодлого нь хүүхдүүдийн ёс зүй, зан суртахууны байдалд сөргөөр нөлөөлж байна. Үүнийг ерөнхий боловсролын сургуулийн хэмжээнд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил тааруу байгаагийнх.

Хүүхдээ шударга бус зүйл хийхэд эцэг, эхийн үзүүлэх хариу үйлдэл тэдний зөв төлөвшил, шударга байх эсэхэд шууд нөлөөлдөг. Хүүхдээ шударга бус зүйл хийснийг мэдсэн эцэг, эх хүүхэддээ болохгүй зүйл хийснийг нь ойлгуулж тайлбарласнаар тэднийг ирээдүйд зөв төлөвшилтэй, шударга иргэн болоход зохих нөлөө үзүүлдгийг судалгааны дүн харуулж байна. Тиймээс эцэг, эх сургуулийн зүгээс хүүхдүүдийг шударга зүйл хийсэн бол байнга сайшааж, урамшуулж байх, тэдний ил тод, шударга байдлыг нэмэгдүүлэх зорилгоор шударга үйл хийсэн хүүхдүүдийг шалгаруулан урамшуулах, шагнах зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулж, хамт олон, олон нийтэд мэдээлэх шаардлагатайг судалгаа харуулж байна. Хүүхдүүдийг ёс зүйтэй, шударга иргэн болгон хүмүүжүүлэх, төлөвшүүлэх чиглэлээр улсын хэмжээнд нэгдсэн хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих механизмыг бүрдүүлэх, аливаа байгууллагаас гаргасан санал санаачилгыг дэмжиж хамтран ажиллах боломж нөхцлөөр хангахад анхаарах нь зүйтэй гэдгийг судалгааны багийнхан анхааруулав. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ