Г.Төмөрчулуун: Ном маань Кубын номын дэлгүүрүүдээр зарагдаж байгааг оюутнуудаасаа мэдсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-20 09:49:08
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын нууц товчоог анх удаа испани хэлнээ хөрвүүлсэн Түүхийн ухааны доктор, Улс төрийн шинжлэх ухааны доктор, ахмад дипломатч Г.Төмөрчулуунтай ярилцлаа.


-Та Кубад төгссөн анхны хүмүүсийн нэг. Яагаад Куба явах болсон юм бэ?


-Би Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрж, дунд сургуулиа төгссөн. 10 дугаар ангиа онц төгссөн учир хамгийн түрүүнд мэргэжлээ сонгох эрх олдсон юм. Олон хувиар дотроос Ленинградын их сургуульд хэмжил зүйн чиглэлээр суралцах хувиар хамгийн гоё нь байлаа. Хотод ирээд Цэцэрлэгийн багшийн сургууль дээр хөдөөний сургуулийг онц төгссөн, сайн орос хэлтэй хүүхдүүдээс Гадаад яамны нэр дээр сургуульд явуулна гэж байхад Москвагийн олон улсын харилцааны сургуульд  МГИМО-д суралцах боломж бас гарсан.


Гэхдээ Оросын хоёр сургуулийг голоод Гадаад яамны шугамаар Кубад Испани хэл сурна гээд Куба явчихсан. Куба гэсэн чинь л далай, Жюль Вернийн Нууцат арал толгойд ороод л үнэхээр сайхан санагдсан. 1973 онд гурван оюутан Куба явсны нэг нь би. Харамсалтай нь нөгөө хоёр маань төгсөлгүй буцсан даа. Хаваны их сургуульд испани судлал мэргэжлээр сурсан. Испани судлал нь ганцхан хэл биш Испанийн колон байсан латин америк, баруун өнцгийн соёл иргэншил, түүх соёлыг судлах тухай юм. Тэнд би таван жил болоод 1978 онд төгссөн.


-Дөнгөж дунд сургуулиа төгссөн хүүхэд тэр холыг зорино гэхэд ямар санагдаж байсан бэ?


-Би бол Монгол Улсын баруун хязгаар нутгийн анчны хүүхэд. Гэрээсээ холдож үзээгүй нөхөр байсан. Тэр далайн цаадах Хавана, Куба байтугай Улаанбаатараа ч үзээгүй хүн явсан даа. Тийм нөхөр гэнэт онгоцонд суугаад далай гатлаад, Америкийн хажууд очоод сурна гэдэг гайхалтай. Одоо бодоход зүүд зэрэглээ мэт.


-Кубад очсон анхны сэтгэгдэл ямар байсан бэ. Испани хэл сурахад хэцүү байсан уу?


-Бид Москва хүртэл вагоноор яваад цаашаа Хавана хүртэл 12 цаг ниссэн. Ес дүгээр сард очсон учир халууны эрч жаахан буурсан байсан ч онгоцноос буухад л амьсгал хаагдаж, боогдоод байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Бас халуун орны нэг сонин үнэр үнэртээд л үнэхээр өөр ертөнц байсан даа. Гудамжаар гарахад янз бүрийн гэрэл гэгээ, кино театрууд, баар, цэнгээний газрууд, караоке гээд л гайхалтай. Очоод мэл гайхаж, цэл хөхөрнө гэдэг л болж байгаа юм чинь.


1959 онд Кубын хувьсгал ялахаас өмнө цэргийн дэглэмтэй байсан. Куба гэдэг улс 400 жил Испанийн клон, 100 жил Америкийн колон байсан улс шүү дээ. 1901 онд тусгаар улс болж цэргийн дэглэм тогтоод Америкийн клон, дагуул маягийн үлдсэн. Намайг 1973 онд очиход хувьсгал ялаад удаагүй байсан юм. Арван хэдэн жил болж байхад капитализм ерөөсөө өөрчлөгдөөгүй байсан.


Бид гурвыг жигтэйхэн сайхан хүлээж авсан даа. Тусад нь багш гаргаж өгөөд, тусад нь байрлуулаад л. Олон оюутнуудтай холилгүй Монголын гурван оюутан гээд тусад нь хауст байрлуулсан. Гуанз, тогооч, цэвэрлэгчтэй зочид буудалд байгаа мэт. Гадаадын төлөөлөгч, зочдыг яаж хүлээж авдаг яг л тийм байсан. Далайн эрэг дээрх байшин маань манай элчингээс холгүй байсан юм. Жилийн дараа овоо хэлний дүйтэй болж аваад хүн амьтантай мэндлэх, талх, автобус зэргээ мэддэг болсон. Орчинд нь нэг жил болоход жигтэйхэн сайхан сурдаг шүү дээ. Бид гурвыг хоорондоо монголоор ярихыг зөвшөөрдөггүй байсан учир испаниар ярихаас өөр аргагүй. Тэгээд олон жил багшилсан Маргарита багш маань хичээлээ хэчнээн сайхан заадаг байсан гээч.


Нэг жил хэлний бэлтгэлд суугаад Хаваны их сургуулийн нэгдүгээр ангид орсон. Хаваны сургуульд Унгар, Польш, Солонгос, Америк, Колумбын оюутнууд их. Оюутан болоод яг далайн эрэг дээр 24 давхар дотуур байранд амьдардаг болсон. Ингээд дөрвөн жил сураад испани судлалын ангийг төгсөөд ирсэн дээ. Хүн залуу насандаа юмыг их сайн сурдаг. Би өөрийгөө их сайн сурсан гэж боддог юм.


-Төгсөж ирээд хаанаас ажлын гараагаа эхэлсэн бэ?


-Нэг бол гадаад яаманд ажиллана эсвэл энд суугаа гадаадын элчин сайдын яаманд ажиллах ийм л хоёр ажил байсан. Тэгээд Улаанбаатар дахь Кубын элчинд орчуулагчаар орсон. Очоод дөрвөн жил ажиллаж байтал нэг өдөр Гадаад яамнаас утасдаад дөрвөн жил ажиллаа одоо чи Хавана руу явна аа гэв. Тэгэж л Куба дахь Монголын ЭСЯ-нд атташегаар томилогдож 1982-1984 онд гурван жил ажилласан.


Буцаж Монголдоо ирээд Гадаад яаманд ажиллаж эхэлсэн. Тухайн үед испани хэлтэй хүн ховор байсан учир олон улсын төлөөлөгчдийг дагаж орчуулга хийдэг байсан. Тэр үеийн Гадаад явдлын сайд Дүгэрсүрэн намайг марксизм, ленинизм сурах хэрэгтэй гээд МГИМО-д зургаан сарын түргэвчилсэн курст явуулсан. Тэнд зургаан сар сураад ирээд Гадаад яамны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар томилогдоод байж байтал одоо дипломатын академид сурах хэрэгтэй байна. Хэл ус чинь сайн болсон байна, улс орноо овоо мэддэг болсон, одоо дипломатын эрдэмд жинхэнэ ёсоор сур гээд 1988 онд Москва руу Дипломатын академид явуулсан. 1990 онд тэнд Монгол ба эвсэлд үл нэгдэх бодлого сэдвээр докторын зэрэг хамгаалаад ирсэн.


Буцаж ирээд ажиллаж байтад дахиад Куба руу зөвлөхөөр томилогдсон. Атташе, зөвлөх хоёр хоорондоо олон дамжлага бий. Атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга, хоёрдугаар нарийн бичгийн дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга тэгж байж зөвлөх болдог. Зөвлөхийн дараа элчин зөвлөх тэгээд элчин сайд болдог дараалалтай.



-Таны хийсэн нэг том ажил бол Монголын нууц товчоог испани хэлнээ орчуулсан явдал. Энэ орчуулгыг яагаад хийх болсон бэ?


-Хавана дахь ЭСЯ-нд Тэнд 2001-2004 онд зөвлөхөөр ажиллахдаа хийсэн гол ажлын маань нэг Монголын нууц товчоог испани хэлнээ орчуулсан явдал. Нэг удаа их сургуульд надад багшилж байсан түүхийн багш маань сурах бичгээ шинэчлэх гэж байгаагаа хэлсэн. Дэлхийн түүхэнд танай Монголын түүхтэй холбоотой юм байдаг ч зөвхөн ЗХУ-д хэвлэгдсэн эх сурвалжууд байна. Танайх өөрсдийн бичсэн сурах бичиг байдаг бол бидэнд өгөөч гэж хэлэхэд энэ санаа зурвас хийгээд орж ирсэн.


-Аль эх сурвалжийг барьж орчуулсан бэ?


-Дамдинсүрэн гуайн монгол эх, Александр Козины 1941 онд хятадаас орос руу орчуулсан орчуулга, Гомбожав гээд өвөр монгол эрдэмтэний эхүүдийг бүгдийг цуглуулж байгаад харьцуулсан. Түүнээс гадна англи, орос, франц, латин энэ олон хэлээр гарсан нууц товчоог бүгдийг харьцуулж байгаад испани руу орчуулсан юм. Монголоос орчуулна гэдэг  их хэцүү. Малын чөмөг, яс, шагай гээд л эхэлнэ. Хоёр жил орчуулаад дуусгасан.


-Тэр том орчуулгыг хийхэд хэцүү байсан уу?


-Хэцүүгээр барах уу. Угаасаа халуун газар, өдөр орчуулна гэж байхгүй. Халуунд нойр хүрнэ, нозоорно. Гучин хэдхэн настай залуу байсан л даа. Тэгсэн хэрнээ өдөр нь унтмаар санагдана. Тэгэхээр нь дандаа шөнө хийнэ. Шөнө дунд эхлээд эхлээд өглөө 3-4 цагт амардаг байлаа.


-Таны ном Кубад 10 мянган хувь хэвлэгдсэн гэсэн?


-Тийм ээ. Орчуулах хэцүү, хэвлүүлнэ гэдэг тэрнээс ч хэцүү ажил байна лээ. Тэр үед азаар надтай нэг сургуульд дээд ангид сэтгүүл зүйн чиглэлээр сурч байсан хүүхэд Кубын соёлын сайд болсон байсан юм. Нэг удаа Цамжид гээд манай соёлын сайд Кубаар дамжиж Мексик явна гээд ирдэг юм байна. Нөгөө хүнийг чинь Кубад ирэхээр нь барьж аваад соёлын сайдтай нь уулзуулсан. Цамжид сайдтайгаа ороод нууц товчоог орчуулгаа үзүүлээд энэ манай Монголын гол түүхийн эх сурвалж, оросын юмыг битгий хуулж, орчуулж тавь. Буруу зөрүү юм их байдаг, Чингис хааныг алуурчин, зэрлэг, бүдүүлэг зэргээр илэрхийлсэн байдаг нь найрамдалт харилцаат бидэнд зохихгүй. Харин энэ монгол хүний хийсэн зүйлийг та нар сурах бичигтээ оруул гэсэн юм.


Тэгээд дороо 10 мянган хувь хэвлэгдсэн. Аргентин, Уругвай, Мексик, номын үзэсгэлэн яармаг зэрэгт тараасан байсан. Кубын номын дэлгүүрүүдээр зарагдаж байгааг оюутнуудаасаа мэдсэн. 2004 онд миний хугацаа дуусаад ирсэн. 2005 онд Кубын гадаад яамны Монголыг хариуцсан залуу чиний ном гарсан, нэг хувийг нь чамд явууллаа гэсэн шуудан явуулсан байсан. Номоо хэвлэгдсэнийг би тэгж л мэдсэн юм.


-Та орчуулгаа өгчихсөн байсныг кубууд 2005 онд хэвлэсэн юм уу?


-Кубын Соёлын яамнаас өөрөөр хэлбэл Засгийн газраас нь 2004 онд хэвлэсэн. 2002 онд орчуулж дуусаад материалаа өгчихсөн байсан юм. Бүтэн жилийн ажил л болсон байх нь л дээ. Тухайн үед хэвлүүлэхэд 3 мянган ам.доллар болох юм байна гэж хэлж байсан. Надад тийм мөнгө байх биш орхичихсон байсан юм.


-Монголын нууц товчоог испани хэлээр хэвлүүлсэн анхны ном болсон уу?


-Тийм, анхны ном болсон. Би Монголд ирээд Кубад хэвлэгдсэн гэдгийг мэдээгүй. Орчуулга нь надад байсан учир Монсудар хэвлэлийн компанийн Энхбаттай ярьсан чинь аваа ир, хэвлээд өгье гээд яг тэр ном Монголд дахиад хэвлэгдсэн. Монгол бол 200 хувь л хэвлэсэн учир тэр дороо дууссан. Онгоцны буудал элдэв газар тавьсан байсныг Латин Америк, Бразил, Испанийн жуулчид харамгүй авдаг юм байна лээ. Саяхан Гадаад яамнаас утасдаад таны нууц товчоог хэвлүүлье. Кубатай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болж байна. Түүнээс гадна Колумб, Венесуэл, Мексикийн элчин сайд, төлөөлөгчдөд бэлэглэе гээд гурав дахь удаагаа дахин хэвлэсэн байгаа. 

Холбоотой мэдээ