Д.Нарангэрэл: Дахин илэрсэн вирус нь халдвартай эсэхийг эцэслэн тогтоогоогүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдгэрсэн ч дахин коронавирус илрээд байсан 23 иргэний 11-ээс нь давтан шинжилгээгээр вирус илрээгүй тухай ЭМЯ-ны яамны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.
ЭМЯ-ны долоодугаар сарын 20-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэр эдгэрээд гарсан 23 хүнээс коронавирус илэрсэн гэж мэдээлсэн. Тэдгээр хүмүүст гурван удаа PCR давтан шинжилгээ хийхэд 11 иргэнээс нь коронавирус илрээгүй. Мөн өчигдөр дөрвөн иргэнийх нь давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй аж. Тиймээс тэдгээр иргэдийг дараагийн шатны хяналтад шилжүүлжээ. Одоо наймд нь давтан шинжилгээ хийх үлдсэн хэмээн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэлдээ тэмдэглэв. Тэрбээр, "Дээрх иргэд ХӨСҮТ-д 14-30 хоног эмчлүүлсний дараа сувилалд ажиглалтад байх үед нь шинжилгээ авахад вирус илэрсэн. Үүнийг халдвар дахин илэрсэн эсвэл шинээр халдвар авсан гэх зэргээр төөрөлдөж болохгүй. Дэлхийн бусад оронд эдгэрсэн хүмүүсээс дахин коронавирус илэрч байгаа. Гэхдээ үүнийг халдвартай эсэхийг эцэслэн тогтоогоогүй. Зарим улс орнууд эдгэрсэн хүний биеэс илэрсэн коронавирус нь халдваргүй хэмээн үзэж байна. Манай улс эдгэрсэн хүмүүстээ гурван удаа шинжилгээ хийж коронавирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гаргаж байгаа" хэмээв.
Г.Удвал