Магистрын боловсролтой малчны тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-07-30 11:36:22

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн малчдын боловсролын 2019 оны түвшнийг  өмнөх оныхтой харьцуулбал боловсролгүй малчдын тоо 14 хувиар буурч, суурь боловсролтой нь нэг, дээд болон магистр боловсролтой малчин 21 хувиар өссөн байна гэж аймгийн статистикийн хэлтэс мэдээллээ.

Аймгийн хэмжээнд 14,0 мянга шахам малчдын 694 нь дээд болон магистрын боловсролтой байна. Дээд боловсролтой малчдын бараг тал хувь нь 25-34 насныхан аж. Харин малчдын 1,6 хувь нь боловсрол эзэмшээгүй байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар малчдын сургалтын төв байгуулж, түүгээр дамжуулан танхимын, талбайн, өрхийн сургалтуудыг явуулах, тэргүүний сайн малчдын туршлагыг эзэмшүүлэх, дагалдуулах замаар мал маллагааны уламжлалт болон дэвшилтэт арга ажиллагаанд сургаж, мэргэшүүлэх, зах зээлийн нөхцөлд аж ахуйгаа үр дүнтэй  эрхлэн хөтлөх мэдлэг чадвартай малчдыг бий болгоход анхаарч байна.

-Хөдөлмөрийн ууган баатар З.Очирын нэрэмжит “Малчдын танхим”–ыг бүрэн тохижуулан сургалтууд зохион байгуулж байна. Нийт сумдад малчид, төлчид, залуу малчдын зөвлөгөөнийг хамтран зохион байгуулж, 3000 гаруй малчин хамрагдлаа. Мөн 387 малчдын төлөөллийг оролцуулан "Малын чанарыг сайжруулж, бэлчээрээ хайрлая" уриан дор зохион байгуулж, гарын авлага материалаар хангаж, малчдад хандсан зөвлөмжийг батлан хэрэгжүүлж байна. Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд Дашинчилэн, Могод, Орхон, Сайхан, Хишиг-Өндөр суманд бэлчээрийг зүй зохистой ашиглах, малчдын дундын сангийн хуримтлал бий болгох чиглэлээр 2-3 удаагийн сургалт зохион байгуулсны үр дүнд бэлчээр ашиглагчдын 24 хэсэг байгуулагдлаа гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албаны дарга М.Жавзандолгор ярилаа.

Холбоотой мэдээ