Б.Бурмаа: Сумын сургууль, цэцэрлэгийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр бүрэн хангадаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-30 12:47:53

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган суманд өрхийн үйлдвэрлэл эрхэлж, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах замаар орлогоо нэмэгдүүлдэг иргэд олон бий.  Тэдний нэг бол Булган сумын Алагтолгой багийн саальчин Б.Бурмаа юм.


Тэрбээр “Жаргалын зам гэх нэгдлээс ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 30 орчим жил саальчнаар ажиллаж байна. Энэ хугацаанд өөрийн ээж болох БНМАУ-ын АИХ-ын депутат, аварга саальчин Ш.Төмрөөгийн ажлын арга туршлагыг нэвтрүүлж иржээ.

Тэрбээр мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зүтгэлээ үнэлүүлж  энэ жил “Аймгийн аварга саальчин цол хүртсэн юм. Энэ жилийн тухайд сүүний чиглэлийн 70-80 үхэр төллөж, нэг үнээнээс 1300-1400 литр сүү сааль хураан авч байна гэж Аймгийн аварга саальчин Б.Бурмаа мэдээллээ.  

Мөн багийнхаа зарим малчидтай хамтран “Дашваанжил сүүн цацал” гэх аж ахуй нэгж \цех\ байгуулсан байна. Улмаар өнгөрсөн 2019 онд Булган сумын ерөнхий боловсролын хоёр сургууль, хоёр цэцэрлэгийн хэрэгцээнд сүү, сүүн бүтээгдэхүүнээр бүрэн хангажээ. 

Тус цех нь сумын малчдаас сүү авах ба сүүн бүтээгдэхүүн боловсруулж зах зээлд нийлүүлдэг.  Тодруулбал, зөөхий, үзэмтэй ааруул, сүү, бяслаг, өрөм, ээзгий, шар тос, шар сүүний ундаа зэрэг найман төрлийн бүтээгдэхүүн боловсруулж буй юм. 

Холбоотой мэдээ