Хүүгийн татааст 34 мянган зээлдэгчийн 1.4 орчим их наяд төгрөгийн зээлийг хамруулна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-08-03 17:52:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн цар тахлын нөхцөлд Монголбанкнаас нийгэм, эдийн засгийн хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны нэг нь иргэдийн зээл төлөлтийг хойшлуулсан явдал юм. Энд орон сууцны болон иргэдийн хэрэглээний зээл орж буй. 

Орон сууцны зээлийн тухайд гэхэд Монголбанк эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан ипотекийн зээлийн хөтөлбөрт дараах өөрчлөлтийг оруулсан. Үүнд:

  • Орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэд энэ оны 4 дүгээр сард багтаан тухайн харилцагч банкандаа хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 6 хүртэлх сараар хойшлуулах боломжтой болсон. 
  • Харилцагчдын хүсэлтийн дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэ зохицуулалтад нийт 38 мянга 270 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээлийг хамруулаад байна. 
  • Мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулаагүй харилцагчдын хувьд 2 хувийн зээлийн хүүгийн татаасыг 3 сарын хугацаанд олгохоор болсон. Үүнд 34 мянга 358 зээлдэгчийн 1.4 орчим их наяд төгрөгийн зээл хамрагдаж байна.

Үүнээс гадна орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлуулсан. Зээлдэгчийн зээлийн эргэн төлөх нөхцөлийг дахин өөрчлөх, эргэн төлөлтийн доголдолтой зээлийн ангилал, зээлийн түүхийг түр хугацаанд бууруулахгүй байх асуудлыг бие даан шийдвэрлэх боломжийг банкуудад олгоод байна. Ингэснээр зээлдэгчид зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө түр хугацаагаар эргүүлэн төлөх боломжгүй тохиолдолд тухайн зээлдэгчийн зээлийн ангиллыг хэвээр үлдээж, Зээлийн мэдээллийн санд ангилал бууруулж мэдээлэхгүй байх боломжийг бүрдүүлжээ. 


Дээрх арга хэмжээний хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл авсан иргэдийг хамруулах зорилгоор Монголбанк, Сангийн яам, Монголын Ипотекийн корпораци (МИК) болон ОССК ХХК, арилжааны банкууд хамтран дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд:

  • Орон сууцны ипотекийн 8 эсхүл 5 хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 6 хүртэлх сараар хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг уртасгах;
  • Зээлийн эргэн төлөлтөд нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгчид энэхүү зохицуулалт үйлчлэх боломжтой бөгөөд доголдол үүссэн хуваарьт өдрөөс эхлэн эргэн төлөлтийг хойшлуулах хугацааг тооцох;
  • Зээлдэгч зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах хүсэлтээ иргэд 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харилцагч банкандаа гаргасан.

Цаашлаад УИХ-ын шийдвэрээр төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг удаа 6 сар хүртэлх хугацаагаар хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг уртасгахаар болов. Өнгөрсөн 6 дугаар сарын 19-ний байдлаар 2,039 тэрбум төгрөгийн 38270 зээлдэгчийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оржээ. Энэ нь нийт ипотекийн зээлийн багцын 43.5 хувийг эзэлж буй юм. 

Түүнээс гадна Төвбанкнаас банканд олгох барьцаат зээлийн журамд түр өөрчлөлт оруулсан. Энд, барьцаат зээлийн хугацаа 90 хоног байсныг 180 хүртэл хоног болгон өөрчилсөн. Мөн барьцаат зээлийн хүүг 16 хувь байсныг 11 хувь болгосон. Мөн барьцаа хөрөнгийн жагсаалтыг өргөтгөсөн. Дээрх журмын өөрчлөлт өнгөрсөн 7 дугаар сарын 31 хүртэл үйлчилсэн юм.

Холбоотой мэдээ