Ливанд дахин нэг сайд огцорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-10 11:09:33

БЕЙРУТ. /Lebanon 24/. Ливаны Байгаль орчин, засаг захиргааны хөгжлийн сайд Дамианос Каттар албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ.


“Манай улсад хариуцлагын тогтолцоо эртнээс хоцрогдож, гажуудсаны зэрэгцээ үр бүтээмжгүй болсон. Иймээс ихээхэн боломжийг алдаж байна" хэмээн тэрбээр гаргасан шийдвэртэйгээ холбогдуулан тайлбар өгчээ. Мөн дэлбэрэлтийн улмаас амь үрэгдсэн, ор сураггүй алга болсон хүмүүсийн ар гэрийхэнтэй сэтгэл санаагаараа хамт гэдгийн илэрхийлэл болгож албан тушаалаа өгч байгаагаа дурджээ.


Каттар албан тушаалаа албан ёсоор өгч буй Ливаны хоёр дахь сайд болж байна. Өмнө нь тус улсын Мэдээллийн сайд Маналь Абдель Самад албан тушаалаасаа огцрох тухайгаа мэдэгдэж, энэхүү шийдвэрээ Бейрут хотын боомтод болсон дэлбэрэлттэй холбон тайлбарлажээ.


Тэдний араас Ливаны Эдийн засаг, хүрээлэн буй орчны сайд албан тушаалаасаа огцорч магадгүй байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тэргүүн Хасан Диаб нөхцөл байдлыг хэлэлцэхээр шуурхай зөвлөгөөн явуулжээ. Хуралдааны дүн тодорхойгүй байгаа хэдий ч сайд нар Диабт өөрөө огцрох эсвэл бүх сайдууд огцрохын аль нэгийг сонгох хэрэгтэйг анхааруулсан тухай “Lebanon 24” телевиз мэдээлсэн байна. 


Коронавирусний цар тахлын улмаас санхүү, эдийн засгийн хүндхэн хямралтай тулгараад буй энэ үед Бейрут хотын боомтод дэлбэрэлт болсон юм. Үүний дараа сөрөг хүчин дэлбэрэлттэй холбоотой мөрдөн байцаалтын явц удаашралттай байгаад оршин суугчид бухимдаж буйг ашиглаж, “уур хилэнгийн өдөр”-ийг зарласнаар Ливанд үүссэн хүндхэн нөхцөл байдал улам даамжирчээ. Нийслэл хотод эмх замбараагүй байдал хоёр дахь өдрөө дараалан намжаагүй бөгөөд идэвхтнүүд яамдын байр руу нэвтрэн орж, үймэн самуун дэгдээж, бичиг баримтуудыг нь хаяжээ. Эсэргүүцэгчид төрийн эрх мэдэлтнүүдийг огцрохыг шаардаж байгаа бөгөөд Диабын ард түмнийг тайвшруулах гэсэн оролдлого үр дүнд хүрээгүй байна. 

Холбоотой мэдээ