Монгол, Японы бүтээн байгуулах төслүүдийг урагшлуулах зорилт тавьж ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Монгол Улсын “гуравдагч хөрш”, нийтлэг үнэт зүйлс бүхий стратегийн түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэв. Тэрээр, Монгол Улсын шинэ Засгийн газар COVID-19 цар тахлаас улбаатай нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, богино хугацаанд сэргээхэд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж буйг онцоллоо. Талууд энэ хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын төслүүдийг урагшлуулах зорилт тавин ажиллахаа илэрхийлэв. Мөн аж үйлдвэр, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи, тээвэр логистик зэрэг салбаруудыг түлхүү хөгжүүлэх зорилтыг дэвшүүллээ.
Өнөөдрийн байдлаар Монгол, Япон улс хоёр томоохон төсөлд хамтран ажиллаж байна. Тодруулбал, Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг юм. Талууд хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц дээрх төслүүд хэрэгжиж дуусах шатандаа явж буйг сайшаан тэмдэглэв.
Өнөөдрийн байдлаар, манай улс Япон улсаас зургаан удаагийн тусгай нислэгээр 1541 гаруй иргэнээ татан аваад байна.