Монгол төгрөгийн "насжилт" дунджаар 3.8 жил байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-11 11:18:09
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас санаачлан үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн зөв зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн хэрэглээг уртасгах зорилгоор “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг эхлүүллээ.


Судалгаагаар, монгол төгрөгийн хэрэглээ дунджаар 3.8 жил байгаа нь дэлхийн бусад улс орны мөнгөн тэмдэгттэй харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм.


Иргэд мөнгөн тэмдэгтийг зөв зохистой хэрэглэдэггүй, хэтэвч ашиглахгүйгээр, халаасандаа олон нугалж хийдэг, түүнчлэн бага мөнгөн тэмдэгтийн хувьд төлбөрийн хэрэгсэл гэхээсээ илүүтэй бурхан тахил, уул овоонд өргөх байдлаар зүй бусаар ашигладаг зэрэг нь төгрөгийн хэрэглээг багасгах үндсэн шалтгаан болдог байна.


Иймд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг улс үндэстний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, үнэт цаасных нь хувьд зүй зохистой ашиглахыг уриалж, олон нийтэд сурталчлан таниулахад уг аяны үндсэн зорилго оршиж байна. Аян наймдугаар сарын 10-наас 10 дугаар сарын 1-нийг дуусталх хугацаанд улс орон даяар үргэлжлэх бөгөөд Монголбанкны төв, орон нутаг дахь салбар, хэлтэс, арилжааны банкууд хамтран иргэдэд мөнгөн тэмдэгтийн соёлтой, зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх аж.

Холбоотой мэдээ