“Korean Air”-ийн ажилтнууд Багануурт мод тарилаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.mn
2016-05-16 17:21:32

СӨҮЛ. /english.donga/. Монголын нийслэл Улаанбаатар хотоос зүүн зүгт 150 км-ийн зайд орших Багануур хотод шороо тоосноос хамгаалах ойн сан гээд зүйл байхгүй. Тус хотын оршин суугчид тэдэнд жил бүр “ногоон бэлэг” барьдаг солонгосчуудыг хүлээн сууна.

Өнгөрсөн мягмар болон лхагва гарагт “Korean Air” компанийн 200 гаруй ажилтан сайн дурын аян өрнүүлж, цөлжилт явагдаж буй Багануурын зэлүүд талд мод тарьсан байна. Энэ хотын хажууханд уурхай ажилладаг бөгөөд түүнээс гарсан шороо тоос зэлүүд талаар дамжин хот руу орж ирдэг учир моджуулж, зүлэгжүүлэх нэн шаардлагатай юм. Мод тарих аян 2004 оноос хойш 13 дахь жилдээ өрнөж байгаа бөгөөд “Korean Air” компани “дэлхийн мод тарих төсөл”-ийн хүрээнд Монгол болон БНХАУ-д мод тарьж байна.

Мод суулгах үеэр сэрүүхэн салхитай байсан бөгөөд “Korean Air” компанийн ажилтнууд болон монгол оюутнууд 3-5 хүнтэй баг бүрдүүлэн  1-2 метр өндөртэй хэдэн арван мянган модыг суулгажээ. “Бид мод тарьж, эх дэлхийгээ хайрлан хамгаалж байгаа учир энэ бол үнэхээр гайхалтай ажил юм” гэж мод услахаар хувинтай ус барьсан 16 настай монгол охин ярив.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ