Байнгын хороо 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.
Төслийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийсэн юм. Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 10.9 их наяд төгрөг, төсвийн зарлага 11.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 756.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ний 2.0 хувьтай тэнцсэн байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Төрийн албаны зөвлөлийн даргын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчийн нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 40.5 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, урсгал зардалд 38.8 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 1.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 96.8 хувь буюу 39.2 тэрбум төгрөгийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 3.2 хувь буюу 1.3 тэрбум төгрөгийг Төрийн албаны зөвлөлийн даргын багцын зарлага эзэлжээ. Улсын төсвөөс 40.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 96.2 сая төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн гэв.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг танилцууллаа.
Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд харьяалагдах УИХ-ын даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудитын шалгалт хийж, зөрчилгүй санал, дүгнэлт өгчээ. Аудитаар 5.0 сая төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлсэн байна.
Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудитын шалгалт хийж, зөрчилгүй санал, дүгнэлт өгчээ. Аудитаар 25.1 сая төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлснээс 3.7 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 12.1 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага өгч, 9.3 сая төгрөгийн зөрчлийн арилгах, дахин гаргахгүй байх 3 зөвлөмжийг өгчээ. Мөн Үндэсний аудитын газрын даргын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос хараат бус компаниар аудит хийлгэсэн байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр цаашид төсвийн гүйцэтгэлийн хэлэлцүүлгийг үр дүнтэй, ажил хэрэгч болгоход аудитын байгууллагын дүгнэлт чухал болохыг онцлоод аудитын байгууллага ашиг сонирхлыг зөрчлөөс ангид байх учиртай гэлээ.
Хуулийн төслийн талаарх танилцуулга, Аудитын дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Энхбаяр, Ж.Мөнхбат, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлэв.
Төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд УИХ-ын гишүүн Б.Баярсайхан танилцуулахаар тогтон хуралдаан дууслаа.