Донойн нисэх буудлын нислэгийн тоо нэмэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-08-21 11:29:48

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн “Доной” нисэх буудал шөнийн нислэг хүлээн авах боломжтой болжээ. Доной нисэх буудалд Бельги улсын ADB фирмийн гэрэл суулт болон PAPI системийг алсын хяналт, удирдлагын системийн хамт иж бүрдлээр нь суурилуулж ашиглалтад оруулсан талаар Донойн нисэх буудлын газраас мэдээлэв.

Ийнхүү Доной нисэх буудал нь үзэгдэх орчин хязгаарлагдмал өдрийн цагаар болон шөнөөр агаарын хөлөг хүлээн авах боломжтой болж байна. Шөнийн нислэг үйлдэх боломжтой суурилуулалтыг Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын А/113 тоот тушаалаар томилогдсон Холбоо навигаци ажиглалтын албаны Навигацийн хэсгийн гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид төлөвлөгөөний дагуу хийж ашиглалтад хүлээн авлаа.

Харин тухайн ажлын барилга угсралтыг “Хан жаргалант стоунс” ХХК туслан гүйцэтгэж, Гэрэл суулт, цахилгааны тасгийн инженер, техникийн ажилчид суурилуулалтын ажлыг удирдан зохион байгуулсан байна. Доной нисэх буудлын 2,860 метр урттай, 30 метрийн өргөнтэй хөөрч буух хатуу хучилттай зурваст нийт 170 ширхэг гэрэл суурилууллаа.

Өнөөдөр тус нисэх буудалд Хүннү Айр, Аеро Монголиа гэсэн хоёр компани долоо хоногт нийт дөрвөн удаагийн нислэг үйлдэж байна. Одоогоор шөнийн нислэг үйлдээгүй байгаа гэв.

 

Нислэгийн тоо нэмэгдэж үнэ тариф хямдрах боломжтой болов


Донойн нисэх буудал нь өнгөрсөн жилийн наймдугаар сард найман тэрбум 650 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэй онгоц хөөрч, буух зурвас нь 2860 метрийн урттай, 30 метрийн өргөн хатуу хучилттай замтай болсон.

Нисэх буудлын аэродром 3С хяналтын код бүхий агаарын хөлөг хүлээн авах хүчин чадал бүхий 2860х30 метр хэмжээтэй хөөрч буух зурвас болон 300х15 метрийн хэмжээтэй явгалах зам бүхий тоосгүйжилтын талбай, тоормозлох зурвас бүхий иж бүрэн аэродром болон үерийн ус зайлуулах суваг бүхий хөөрч буух зурвастай болсноор ямар ч төрлийн онгоц чөлөөтэй буух боломж бүрдсэн юм. Орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, үе шаттайгаар өргөтгөх, техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх төрийн бодлого, нислэгийн тоог нэмэгдүүлэх, үнэ тарифыг бууруулах, орон нутгийн нислэгийг сэргээн тогтворжуулах Монгол Улсын Засгийн газраас тавьсан зорилт биеллээ олж байна.

Алслагдсан аймаг руу хийх нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ авах иргэн, 18 хүртэлх насны хүүхэд орон нутгийн нислэгээр хөнгөлөлттэй зорчих тогтолцоо бүрдсэнээр нислэгийн тоо ч нэмэгдэх юм гэж нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ